Киото мужийн Явата хотын дарга Кавата жирэмсний амралт авах гэж буйгаа зарласнаар өөрийгөө үндэсний хэмжээний мэтгэлцээний бай болгов. Ажил эрхлэлт, улс төрийн тогтолцоонд нь эцгийн эрхт ёс давамгайлдаг улсад хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч буй нь анхны тохиолдол болж байна.
Шоко Кавата нь 2023 онд хотын даргаар сонгогджээ. Тэрбээр есдүгээр сарын дунд үеэр амаржих бөгөөд 16 долоо хоногийн хугацаатай жирэмсний амралт авах аж. Өөрөөр хэлбэл, төрөхийн өмнө найман долоо хоног, төрсний дараа найман долоо хоног гэсэн үг.
Тус улсад төрийн албан хаагчид жирэмсний амралт авах нь байдаг ч сонгогдсон албан тушаалтнуудын хувьд үүнийг шийдвэрлэсэн тодорхой хууль эрх зүйн орчин байхгүй.
Төрөлт хурдацтай буурч, улс төрийн манлайлалд жендерийн ялгаа ихэссэн энэ үед Каватагийн жирэмсний амралт тогтолцоог өөрчлөх хурдасгуур болно гэж тэр үзэж байна. Одоогоор Японы Төлөөлөгчдийн танхимын 15 хүрэхгүй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Явата хот нь Токиогоос баруун өмнө зүгт 450 км зайд оршдог бөгөөд 70 мянга орчим хүн амтай.
Шоко Кавата эзгүй байх үедээ орлогч томилохоор төлөвлөж байна. Мөн гэртээ хүүхдээ харангаа цахим хуудангаа тогтмол шалгаж байх аж. Гэвч олон нийтийн сүлжээнд зарим хүн Каватагийн жирэмсний амралтыг "Төрийн албан хаагч ажлын байр дээрээ байхгүй байгаа нь татвар төлөгчийн мөнгийг дэмий үрсэн хэрэг" гэх зэргээр шүүмжилж байна.