"Гаднын банк Монголд орж ирэхдээ Монголбанкнаас зөвшөөрөл авахгүй, хувьцааны 20 хувийн хязгаарлалтаас чөлөөлнө" гэж хуулийн төсөлд тусгажээ

"Гаднын банк Монголд орж ирэхдээ Монголбанкнаас зөвшөөрөл авахгүй, хувьцааны 20 хувийн хязгаарлалтаас чөлөөлнө" гэж хуулийн төсөлд тусгажээ

Магадгүй 10-15 жилийн өмнө Монголд гадаадын банк орж ирнэ гэж ярьсан бол олон нийт төдийлөн таатай хүлээж авахгүй байсан байх. Зарим нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой холбон хардаж, гаднын нөлөө нэмэгдэнэ гэж болгоомжилдог байлаа. Харин өнөөдөр нөхцөл байдал өөр болжээ. Гадаадын банк орж ирэх тухай мэдээлэл гарахад олон нийт, аж ахуйн нэгжүүдийн тодорхой хэсэг нь эерэгээр хүлээн авч байна.

Үүний гол шалтгаан нь банкны үйлчилгээний чанар, зээлийн өндөр хүү, шимтгэл хураамжийн асуудалтай холбоотой. Монголын банкны салбар хэдхэн том тоглогчийн давамгайлалтай гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Зээлийн хүү өндөр, шимтгэл хураамж их, зарим үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаа талаар иргэд, бизнес эрхлэгчид тогтмол асуудал хөнддөг.

 ЗАСГИЙН ГАЗРААС “БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ” АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ НЭН ЯАРАЛТАЙ ГОРИМООР ӨРГӨН БАРЬЛАА

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас “Бизнесийн эрх чөлөөний тухай” анхдагч хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн барьж буйгаа мэдэгдсэн. Уг төслийг дагалдан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан бөгөөд тэдгээрийн нэг нь гадаадын банк Монголд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой юм. ЭНД дарж уншина уу.

БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИЛ 20 ХУВИАС ХЭТЭРЧ БОЛОХГҮЙ ГЭСЭН ЗОХИЦУУЛАЛТ ҮЙЛЧИЛЖ ИРЖЭЭ  

Тэгвэл өнөөгийн хууль эрх зүйн орчинд гадаадын банк орж ирэхэд ямар хүндрэл байсан бэ гэх асуулт гарна.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж нийт гаргасан хувьцааны 25 ба түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж, хөрөнгө оруулагч тус бүр нь 100 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийг ойлгоно гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, өнөөгийн ханшаар ойролцоогоор 357 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч компанийн 25 ба түүнээс дээш хувийг эзэмшиж байж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид тооцогддог гэсэн үг.

Харин Банкны тухай хуулийн 36.1-д “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцааны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан. Энгийнээр тайлбарлавал, Бат ганцаараа хамгийн ихдээ 20 ширхэг хувьцаа эзэмшиж болно. Бат өөрийн эхнэр, хүүхэд, өөрийн эзэмшдэг компанитайгаа хамтран эзэмшиж байгаа бол бүгд нийлээд мөн адил 20 ширхэг нэгж л эзэмшинэ гэсэн үг. Мөн "А" банк 15%, түүний охин компани 10% эзэмшвэл нийлээд 25% болох тул хуулийн шаардлага зөрчинө гэж ойлгож болно.

Ингэснээр нэг талаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болох босго нь 25 хувь байхад, нөгөө талаас банкны хувьцаа эзэмшил 20 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалт үйлчилж ирсэн. Энэ нь гадаадын банк Монголын зах зээлд нэвтрэхэд тулгарч байсан эрх зүйн томоохон саадын нэг байв.

"ГАДААДЫН БАНК МОНГОЛБАНКНААС ЗӨВШӨӨРӨЛ АВАХ БУС МЭДЭГДДЭГ БОЛНО"

Харин Засгийн газраас өргөн барьж буй хуулийн төсөлд Банкны тухай хуулийн 36.2.3-т “гадаадын банк байгуулахад энэ хуулийн 36.1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн зохицуулалт нэмэхээр тусгажээ. Мөн өнөөгийн зохицуулалтаар гадаадын банк Монголд үйл ажиллагаа явуулахын тулд Монголбанкнаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг бол шинэ төсөлд зарим зохицуулалтыг “Монголбанкинд мэдэгдсэнээр” гэж өөрчлөхөөр тусгасан байна. Үүний үр дүнд гадаадын банк Монголын зах зээлд орж ирэх эрх зүйн орчин илүү нээлттэй болох боломж бүрдэх юм.

Ерөнхий сайдын мэдээлснээр БНСУ-ын хоёр банк сонирхлоо илэрхийлсэн бөгөөд Унгарын OTP банк Монголбанкны урилгаар Монголд ирэхээр болсон байна.

Үүнээс өмнө энэ оны нэгдүгээр сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр зарим олон улсын банкны төлөөлөл Монголд салбар нээх сонирхлоо илэрхийлж байсан талаар мэдээлэгдсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн БНСУ, Унгар төдийгүй Монголын зах зээлийг сонирхож буй бусад банк ч байгаа бололтой.

ГАДААДЫН БАНК ОРЖ ИРСНЭЭР ӨРСӨЛДӨӨН НЭМЭГДЭЖ, ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛ, ТӨЛБӨР ТООЦОО, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ САЙЖРАХ БОЛОМЖТОЙ

Тэгвэл гадаадын банк орж ирэх нь ямар боломж авчрах вэ гэх асуулт гарна. Салбарын зарим шинжээчдийн үзэж байгаагаар гаднын банк орж ирснээр банкны салбар дахь өрсөлдөөн нэмэгдэж, үйлчилгээний чанар, бүтээгдэхүүний төрөл, технологийн шинэчлэл сайжрах боломжтой. Мөн дотоодын банкууд дангаараа санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон төсөл, хөтөлбөрүүдэд олон улсын эх үүсвэр татах боломж нэмэгдэх аж. Тухайлбал, төмөр зам, эрчим хүч, цахилгаан станц, уул уурхайн төслүүдэд урт болон дунд хугацааны санхүүжилт олгох нөхцөл бүрдэж болох юм.

Мөн хэрэглэгчдийн хувьд өрсөлдөөн нэмэгдсэнээр хадгаламж, зээл, төлбөр тооцоо, цахим үйлчилгээний нөхцөл сайжрах боломж бий. Гэхдээ зээлийн хүү шууд буурна гэж үзэхээс илүүтэй өрсөлдөөн нэмэгдсэнээр буурах нөхцөл бүрдэнэ гэж эдийн засагчид тайлбарладаг.

Нөгөө талаас зарим судлаач, эдийн засагчид дотоодын банкуудын зах зээл хумигдах, гадаадын санхүүгийн байгууллагын нөлөө нэмэгдэх зэрэг эрсдэлийг мөн анхаарах шаардлагатайг сануулдаг. Гэсэн ч хэрэв олон жил яригдсан уг хуулийн төсөл батлагдаж, гадаадын банкууд бодитоор Монголын зах зээлд орж ирвэл энэ нь банк, санхүүгийн салбарын өрсөлдөөн, үйлчилгээний чанар, хөрөнгө оруулалтын орчинд томоохон өөрчлөлт авчрах боломж байж болох юм. Хуулийн төслийг ЭНД дарж уншина уу.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө