Филиппиний өмнөд хэсэгт даваа гарагийн өглөө болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 35 хүн амиа алдаж, 144 хүн бэртэж гэмтсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомт Сарангани мужийн эргээс 20 орчим км-ийн зайд бүртгэгдсэн бөгөөд чичирхийлэл Минданао арлын өргөн уудам нутагт мэдрэгдсэн байна. Ослын улмаас олон барилга байгууламж нурж, хөрсний гулгалт үүсчээ. Аврах албаныхны мэдээлснээр, хохирогчдын дийлэнх нь нурсан барилгын нуранги болон хөрсний гулгалтад өртсөн байна.
Эрх баригчид дахин хүчтэй чичирхийлэл болох эрсдэлтэй байгааг анхааруулж, иргэдийг гэмтэж эвдэрсэн барилга руу орохгүй байхыг зөвлөжээ.
Газар хөдлөлтийн дараа Филиппин, Индонез болон Малайзын зарим бүсэд цунамигийн сэрэмжлүүлэг зарласан ч хэдэн цагийн дараа цуцалсан байна. Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор гамшигт өртсөн бүсүүдэд аврах ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгдэж, шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлжээ.