www.zuv.mn сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр редакцыг 20 сая төгрөгөөр торгуулахаар шийдвэрлэсэн асуудал олон нийтийн анхаарлыг татсаар байна.
Үүнтэй холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ээс Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нарт шаардлага хүргүүлээд байгаа юм. Өмнө нь УИХ-ын дарга С.Бямбацогт уг асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдсэн. Харин энэ удаад Ерөнхий сайд Н.Учрал мөн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн албан тушаалтны зургийг нийтлэлдээ ашигласныг Хүний Эрхийн Үндэсний Комисс “Биометрик мэдээлэл” гэж мушгин гуйвуулж, улмаар 20 сая төгрөгөөр торгосон нь мэдэх эрх, үг хэлэх эрх чөлөөнд халдсан бусармаг үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлье. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, сэтгүүлчдийн шаардлага, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж буй иргэдийн дуу хоолойтой бүрэн дүүрэн санал нэгтэй байна. Хүний Эрхийн Үндэсний Комисс хүний эрхийг хамгаалах бус хүний үндсэн эрхэнд халдсан үйлдэл гаргасныг эрс буруушааж байна. Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход Хувь хүний мэдээлэл задруулах, хамгаалахтай холбоотой Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн асуудлыг өөрчлөн шинэчлэх шаардлагатай. Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль нь ойлгомжгүй, хууль сахиулагч өөрийн үзэмжээр тайлбарлах боломжтой хуулийн хийдэл юм. Хууль хүн бүрд тэгш шударга үйлчлэх ёстой. Түүнээс бус аль нэг талд давуу байдал олгодог, зохицуулахаас илүү үл ойлголцол, элдэв хүндрэл үүсгэдэг хуулийн хийдлийг засаж залруулах болно. Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш, иргэн нь мэдэх эрхтэй эрүүл, нээлттэй нийгмийн үндэс юм. Ардчилсан, эрх чөлөөт нийгмийн үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх, иргэний мэдэх эрхэнд халдсан нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажил үүргээс нь чөлөөлөх болно. Чөлөөлье бодлого хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан аливаа үйлдэлтэй үл эвлэрэн, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг тууштай хамгаалж ажиллана" хэмээн мэдэгдлээ.