ШУУРХАЙ: Хотын дарга Б.Пүрэвдагвын "мега төслүүдээ удирдуулах таван зохицуулагчтай болох"-ыг Засгийн газар дэмжлээ

2026-06-10 13:28

ШУУРХАЙ: Хотын дарга Б.Пүрэвдагвын "мега төслүүдээ удирдуулах таван зохицуулагчтай болох"-ыг Засгийн газар дэмжлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилохоор болсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн байна. Тодруулбал,

  • Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч;
  • Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч;
  • Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч нарыг томилохоор төлөвлөсөн юм.

Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, ажил бүрийг эзэнжүүлэх, цаг хугацаанд нь гүйцэтгэх, олон нийтээс гарч буй саналыг тусгаж ажиллах үүргийг Зохицуулагч нар хүлээнэ гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ.

2026-06-10 08:01

Б.Пүрэвдагва мега төслүүдээ тусгай зохицуулагчдаар удирдуулна

Нийслэлийн шинэ Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авснаас хойш удирдлагын багаа бүрдүүлэх томилгоонууд үргэлжилж байна. Тэрбээр анх томилогдохдоо өмнөх Засаг даргын багийг бүхэлд нь солихгүй, туршлага, ур чадвартай боловсон хүчнийг үргэлжлүүлэн ажиллуулна гэдгээ илэрхийлж байсан.

Гэсэн ч түүний багаа бүрдүүлэх томилгоонууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны даргаар Ж.Эрдэнэбаярыг, хуулийн зөвлөхөөр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбатыг томилсон. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзоригийг чөлөөлж, түүний оронд НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаярыг томилсон билээ. Тэгвэл энэ удаа хотын дарга нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч ажиллуулахаар болжээ.

Тодруулбал,

  • Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч;

  • Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч;

  • Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч;

  • Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч;

  • Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч томилохоор болсон байна.

Эдгээр нь нийслэлийн хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй шууд холбоотой томилгоо гэж харж болохоор байна. Ялангуяа, Сэлбэ дэд, Туулын хурдны зам зэрэг мега төслүүдтэй холбогдож магадгүй юм. Улс төрийн хүрээнд эдгээр албан тушаалд НИТХ-ын төлөөлөгчдийг томилох хувилбар яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв ийм шийдвэр гарвал НИТХ-ын төлөөлөгчид бодлого боловсруулах төдийгүй хэрэгжилтийн түвшинд оролцдог байдал үргэлжилнэ гэсэн үг.

Нөгөө талаар Б.Пүрэвдагва өөрөө НИТХ-ын төлөөлөгч биш. Тиймээс төсөл хариуцсан зохицуулагчдын томилгоо нь хотын даргын улс төр, удирдлагын багаа бүрдүүлж байна уу гэх асуулт дагуулна.  Таван зохицуулагчийг томилох асуудал нь хотын даргын бүрэн эрхийн хүрээнд хамаарах боловч уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Одоогоор эдгээр албан тушаалд хэн хэн томилогдох нь тодорхой болоогүй байна.