АНУ цэргийн нисдэг тэрэг унасны дараа Иранд цохилт өгчээ

АНУ цэргийн нисдэг тэрэг унасны дараа Иранд цохилт өгчээ

Персийн буланд АНУ-ын цэргийн Апачи нисдэг тэрэг осолдсоны дараа Вашингтон Ираны цэргийн дэд бүтцэд цуврал агаарын цохилт өгсөн талаар АНУ-ын Төв командлал мэдээлжээ. 

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, цохилтууд Ормузын хоолойн орчим дахь Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем, газрын хяналтын станц болон радарын байгууламжуудыг онилсон байна. АНУ энэхүү ажиллагааг нисдэг тэрэгний ослын дараах “тохирсон хариу арга хэмжээ” гэж тодорхойлжээ.

Харин Ираны Исламын хувьсгалт харуулын корпус үүний хариуд бүс нутаг дахь АНУ-ын цэргийн объектууд руу цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр нийт 21 байг онилсон бөгөөд Бахрейн, Йордан дахь Америкийн цэргийн байгууламжууд халдлагад өртжээ. АНУ-ын албаныхны мэдээлснээр, осолдсон Апачи нисдэг тэрэг Ормузын хоолойд эргүүл хийж байх үедээ осолдсон бөгөөд хоёр нисгэгчийг Америкийн тэнгисийн цэргийн хүчин амжилттай аварчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тэднийг гэмтээгүй гэж мэдэгдсэн байна.

Нисдэг тэрэгний осол Ираны нисгэгчгүй төхөөрөмжтэй холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч Тегеран осолд ямар нэгэн холбоогүй гэдгээ илэрхийлжээ. Үүний дараа АНУ-ын сөнөөгч онгоцууд Ираны цэргийн объектуудад цохилт өгсөн бөгөөд Тегераны мэдээлснээр зарим харилцаа холбооны цамхаг, усан хангамжийн байгууламж эвдэрчээ.  АНУ-ын Төв командлал цохилтын эхний үе шат дууссаныг зарласан ч нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж байгаагаа мэдэгджээ.

Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-ын ажиллагааг эрс буруушааж, “ямар ч халдлага, заналхийллийг хариугүй үлдээхгүй” гэж анхааруулсан байна. Тэрээр өөрийн Х хуудастаа “Тулааны талбарт зорилгодоо хүрч чадаагүй АНУ Ираны шийдэмгий байдлыг дахин сорихоор шийдлээ. Хэрэв та аюулгүй байхыг хүсвэл манай бүс нутгаас гар” хэмээн бичжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Вашингтон, Тегераны хооронд явагдаж буй хэлэлцээ эцсийн шатандаа орсон бөгөөд ойрын өдрүүдэд тохиролцоонд хүрэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “Бид маш сайн хэлэлцээрийн төгсгөлд ирээд байна. Магадгүй хоёр эсвэл гурван хоногийн дотор шийдэлд хүрч чадна” хэмээн ярьжээ. Шинжээчдийн үзэж буйгаар АНУ, Ираны хоорондын шинэ мөргөлдөөн болон Израильтай холбоотой хурцадмал байдал нь Персийн булан дахь аюулгүй байдал, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд шинэ эрсдэл үүсгэж болзошгүй байгаа аж. 

Эх сурвалж: BBC