Румын улсад “Баавгайн даваа” хэмээн нэрлэгддэг аялал жуулчлалын бүсэд баавгайг хооллохыг оролдсон Болгарын нэгэн жуулчин амьтанд дайруулж, хүнд гэмтэл авсан байна. Тодруулбал, Болгарын Хөлбөмбөгийн Холбооны бүсийн зөвлөлийн Спорт, техникийн комиссын дарга, 46 настай Георги Бижев өнгөрөгч тавдугаар сарын 27-нд найзынхаа хамт Унгарын нийслэл Будапешт хотыг зорьж явахдаа уг хэрэгт өртжээ.
ВИДЕО:
ВИДЕО: Румын улсад баавгайг хооллохыг оролдсон жуулчин хүндээр гэмтжээ
— iSee.mn (@iSee_MN) June 10, 2026
УНШИХ: https://t.co/Zsb3TB7eva pic.twitter.com/GCrLf4c3rt
Тэрээр Болгарын BNT телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг үзэхээр Будапешт руу явж байсан юм. Жил бүрийн адил Румыны уулсаар дайран өнгөрдөг алдарт Баавгайн даваагаар зорчсон” хэмээн ярьсан байна. Түүний хэлснээр, уг бүс нутаг нь жуулчид баавгай харахаар зорьдог алдартай маршрут бөгөөд зарим худалдаачид хүртэл амьтдад өгөх хоол зардаг ажээ.
Ослын үед Г.Бижевын урд явсан автомашины зорчигчид эх баавгай болон бамбаруушийг нь хооллож байжээ. Харин Г.Бижев хоёр дахь машинд сууж байсан бөгөөд ард нь Украины жуулчидтай өөр нэг автомашин явж байсан аж. Тэрээр, “Би машинаасаа буугаагүй. Цонх хаалттай байсан учраас өөрийгөө аюулгүй гэж бодсон” хэмээн дурссан байна.
Гэвч нөхцөл байдал гэнэт өөрчлөгджээ. Түүний мэдээлснээр, арын машинуудын зорчигчид чанга хашгирч, дохио өгч эхэлсэн нь эх баавгайг цочроосон байж болзошгүй аж.
Удалгүй баавгай түүний автомашин руу дайрч, цонхыг эвдэн гараас нь зуурчээ. Энэ талаар Г.Бижев “Машины шил цаас шиг л бутарч байгааг харсан. Тэр намайг барьж аваад машинаас гаргахыг оролдсон” хэмээн ярьжээ. Тэрээр зүүн гартаа хүнд хазуулж, яаралтай мэс засалд орсон бөгөөд эмч нарын тооцоолсноор бүрэн эдгэрэхэд гурваас дөрвөн сарын хугацаа шаардлагатай аж.
Тэрээр баавгайг хооллох нь алдаа байсныг хүлээн зөвшөөрсөн ч тухайн бүс нутагт ийм үйлдэл түгээмэл байдаг гэж онцолсон байна. Тэрээр, “Тэнд очсон бараг бүх хүн баавгайд хоол өгдөг. Энэ нь бидний үйлдлийг зөвтгөхгүй ч бид өөрсдийгөө томоохон эрсдэлд оруулж байна гэж тухайн үед бодоогүй” гэжээ.
Румыны эрх баригчид зэрлэг баавгайг хооллохыг хатуу хориглодог бөгөөд уг дүрмийг зөрчсөн тохиолдолд 2200-6600 ам.долларын хэмжээтэй торгууль ногдуулдаг байна.
Сүүлийн жилүүдэд Румынд жуулчид баавгайтай хэт ойртож зураг авах, хооллох оролдлого хийснээс үүдэлтэй осол, халдлага нэмэгдэж байгаа тул албаныхан иргэдийг анхаарал болгоомжтой байхыг дахин сануулжээ. Монгол Улсын иргэдийн хувьд ч зэрлэг амьтадыг гараас хооллох тохиолдол цөөнгүй бий. Иймээс иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.
Эх сурвалж: People