Н.Учрал: Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлага АН-ын бүлгээс албан ёсоор ирээгүй, хүний амь насаар улс төр хийж байна

Н.Учрал: Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлага АН-ын бүлгээс албан ёсоор ирээгүй, хүний амь насаар улс төр хийж байна

“Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцож чадахгүй бол Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцох асуудлыг тавина" гэж УИХ дахь АН-ын бүлэг 2026.06.08-нд мэдэгдсэн. 

Учир нь хугацаат цэргийн алба хааж буй иргэд амь нас, эрүүл мэндээр хохирох тохиолдол удаа дараа гарч байгаа тул Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг УИХ дахь АН-ын бүлэг 14 хоногийн хугацаатай тавьсан ч Ерөнхий сайд Н.Учрал энэ хугацаанд Засгийн газрын гишүүнээ "огцруулна", "огцруулахгүй" гэсэн ямар нэг хариу өгөөгүй юм. 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас уг шаардлагатай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох эсэхийг тодруулсан юм. 

Тэрбээр “Асуудал шийдэхийн төлөө бүгд хамтраад явах ёстой. Нэг л Монгол Улс шүү дээ. Надад ямар нэгэн шаардлага бичиг ирээгүй бөгөөд хэвлэлээс л мэдээлэл авсан. Манай Ардчилсан намынханд ёс зүйтэй олон хүн бий. Харин энэ гаргаж буй үйлдэл бол хэсэг бүлэг хүмүүсийн хийж буй улс төр. Бүх зүйлийг улс төржүүлж, тулгамдсан асуудлуудын өмнө наагаад байж болохгүй. Батлан хамгаалах, Онцгой байдлын салбарт үүссэн асуудалд би байр сууриа илэрхийлсэн. Мөн шаардлагатай арга хэмжээг авч, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Ийм эмгэнэлтэй харамсалтай асуудлуудад цалин хөлс, хангамж зэрэг олон жилийн буруу шийдвэрийг уршиг” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, түүний энэ байр суурь Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцохгүй гэх байр суурьтай байгаа гэж харж болохоор байна.