Үндэсний аудитын газарт шалгалт хийж, 200 гаруй зөрчил илрүүлсэн ч дийлэнхийг нь "нууж", бусдад давуу байдал олгосон байж болзошгүй байна

Үндэсний аудитын газарт шалгалт хийж, 200 гаруй зөрчил илрүүлсэн ч дийлэнхийг нь "нууж", бусдад давуу байдал олгосон байж болзошгүй байна

Төрийн албаны зөвлөлөөс Үндэсний аудитын газар, Нийслэл болон орон нутгийн төрийн аудитын газарт хяналт шалгалт хийж, 200 гаруй зөрчил илрүүлсэн ч үүнийхээ дийлэнхийг нь нуун дарагдуулж, зарим нэр бүхий хүмүүст давуу байдал олгосон байж болзошгүй байна. 

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагваар ахлуулсан Ажлын хэсэг Үндэсний аудитын газар, Нийслэл болон орон нутгийн төрийн аудитын газрын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт тавих, зөвлөн туслах ажлыг өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард зохион байгуулжээ. 

Ингэхэд, дээрх байгууллагуудаас албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй байхад тусгай шалгалтад оруулж, нэр дэвшүүлж, томилсон, төрийн албаны ерөнхий болон төрийн аудитын байгууллагын удирдах, гүйцэтгэх тусгай шалгалт өгөөгүй томилсон зэрэг 200 гаруй зөрчлийг илрүүлжээ.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нь дээрх хяналт шалгалтын тайланг хэлэлцсэн тухай тогтоолыг 2026 оны тавдугаар сарын 13-ны өдөр баталсан байх бөгөөд уг тогтоолын хавсралтад Үндэсний аудитын газрын төрийн жинхэнэ албан тушаалд хууль, журам зөрчиж томилсон иргэн, албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтад ердөө 10 хүнийг багтаасан байна. 

Товчхондоо, Ажлын хэсгийн ахлагч, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва нарын илрүүлсэн зөрчилтэй гэгдэх 200 гаруй албан хаагчийн ердөө 10 албан хаагчийг л зөрчилтэй байсан хэмээн тогтоол гаргасан байх аж. Харин бусад зөрчилтэй албан хаагчийн мэдээллийг яагаад тогтоолд тусгасангүй вэ, магадгүй Ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдагва нар нь  хууль бус зөрчлийг нуун дарагдуулж, бусдад давуу байдал үүсгэв үү, үүнд нь хэн нэгэн нөлөөлөв үү гэх хардлага төрж буй юм.  

Учир нь Үндэсний аудитын газрын:

  • Бодлого, төлөвлөлт, инновацын газрын дарга Х.Баярмаа,
  • Мэдээлэл, технологийн төвийн дарга Б.Сэр-Од,
  • Нийцлийн аудитын газрын Аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Хандмаа
  • Чанарын удирдлага, эрсдэлийн газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням
  • Дотоод аудитын газрын захирал С.Батбямба

Нийслэл дэх төрийн аудитын газрын:

  • Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Г.Нандинжаргал
  • Санхүүгийн аудитын албаны Аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Цог-Өрнөх

нарын нэр бүхий 200 гаруй албан тушаалтнуудыг албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй байхад тусгай шалгалтад оруулж, нэр дэвшүүлж, томилсон, төрийн албаны ерөнхий болон төрийн аудитын байгууллагын удирдах, гүйцэтгэх тусгай шалгалт өгөөгүй томилсон байсан гэх зөрчил илэрсэн байгаа юм. 

Гэтэл эдгээр нэр бүхий албан тушаалтнуудын мэдээллийг Төрийн албаны зөвлөл тогтоолдоо дурдаагүй нь нэр бүхий хүмүүст магадгүй давуу байдал үүсгэж, "нуусан" байх талтай. Нөгөөтээгүүр Ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдагва нь Үндэсний аудитын газарт хяналт шалгалт хийх чиг үүрэггүй атал шалгалт хийж, улмаар олон тооны зөрчил илрүүлсэн ч үүнийгээ "нуусан"-ы цаана ямар нэгэн тохироо, бүүр цаашилбал хууль, журам зөрчсөн ноцтой үйлдэл байж болзошгүй тул уг асуудлыг АТГ, УИХ С.Бямбацогт нарын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд анхааралдаа авах шаардлагатай байгааг энд тодотгож байна. 

Бид уг асуудлыг талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө