SpaceX 75 тэрбум ам.долларын IPO хийхээр бэлтгэж байна

SpaceX 75 тэрбум ам.долларын IPO хийхээр бэлтгэж байна

АНУ-ын сансрын технологийн SpaceX компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа анх удаа арилжаалж, түүхэн дэх хамгийн том IPO (Initial Public Offering) хийхээр бэлтгэж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Мэдээллүүдэд дурдсанаар тус компани нэгж хувьцаагаа 135 ам.доллараар үнэлж, нийт 75 тэрбум ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр SpaceX-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.75 их наяд ам.долларт хүрэх бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын эгнээнд шууд багтах хэмжээнд хүргэх юм.

Түүнчлэн IPO амжилттай хэрэгжвэл Саудын Арабын газрын тосны аварга Saudi Aramco компанийн 2019 онд тогтоосон IPO-гийн дээд амжилтыг эвдэхээр байгааг шинжээчид онцолж байна.

SpaceX-ийн өсөлтийг Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээ, Falcon пуужингийн арилжааны хөөргөлтүүд болон Starship хөтөлбөрийн хөгжүүлэлт голлон дэмжиж байгаа юм. Компанийн орлого 2025 онд 18.67 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 33 хувиар өссөн байна.

Гэхдээ зарим шинжээч SpaceX-ийн 1.75 их наяд ам.долларын үнэлгээг хэт өндөр гэж үзэж байгаа бөгөөд тус компанийн ирээдүйн орлогын томоохон хэсэг нь одоогоор бүрэн хэрэгжээгүй төслүүдээс хамаарч байгааг анхааруулжээ. Reuters агентлагийн мэдээлснээр SpaceX-ийн IPO-д хөрөнгө оруулагчдын эрэлт маш өндөр байгаа бөгөөд хувьцааны арилжаа Nasdaq бирж дээр энэ сарын 12-ноос эхлэх төлөвтэй байна.