Оманы буланд АНУ-ын цэргийн хүчний цохилтод өртсөн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцон дээр ажиллаж байсан Энэтхэгийн гурван далайчин амиа алдсан болохыг Энэтхэгийн эрх баригчид баталжээ.
Палаугийн далбаатай MT Settebello хөлөг онгоц өчигдөр /2026.06.10/ АНУ-ын цэргийн ажиллагаанд өртсөн бөгөөд тухайн үед онгоцонд Энэтхэгийн 24 иргэн ажиллаж байжээ. Тэднээс 21 хүнийг аварсан бол гурван далайчин сураггүй болсон байна. Энэтхэгийн Тээврийн сайд Сарбананда Соновал X хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ уг явдлыг “маш харамсалтай хэрэг” хэмээн тодорхойлж, амиа алдсан гурван иргэний цогцсыг эх оронд нь авчрахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Хэрэг гарсны дараа Энэтхэгийн Засгийн газар Нью-Дели дэх АНУ-ын Элчин сайдын яамны орлогч тэргүүнийг дуудан уулзаж, тайлбар шаардсан байна.
АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, MT Settebello хөлөг нь Иранаас газрын тос тээвэрлэж байсан бөгөөд Америкийн хориг арга хэмжээг зөрчсөн гэж үзжээ. Тус командлалын мэдэгдэлд “Хөлөг онгоцны багийнхан удаа дараа өгсөн зааврыг биелүүлээгүй тул хөдөлгүүрийн хэсгийг өндөр нарийвчлалтай зэвсгээр онилон ажиллагаа явуулсан” гэж дурдсан байна.
Энэ нь долоо хоногийн дотор Энэтхэгийн иргэд ажиллаж байсан хоёр дахь хөлөг АНУ-ын ажиллагаанд өртсөн тохиолдол болж байна. Өмнө нь даваа гараг /2026.06.08/-т Палаугийн далбаатай Marivex нэртэй газрын тос тээвэрлэгч хөлөг Оманы буланд осолдсон бөгөөд онгоцон дээр байсан Энэтхэгийн бүх багийн гишүүдийг аварсан талаар Энэтхэгийн эрх баригчид мэдээлжээ. Үүний зэрэгцээ Оман дахь Энэтхэгийн Элчин сайдын яам Шинас боомтын ойролцоо гарсан өөр нэгэн далайн ослын талаар мэдээлэл авсан боловч уг хөлөг дээр Энэтхэгийн иргэд байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: BBC