Туркээс илгээсэн хар тамхийг Монголд худалдан борлуулдаг байсан этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Туркээс илгээсэн хар тамхийг Монголд худалдан борлуулдаг байсан этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сүүлийн үед иргэд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр нэвтрүүлэх, хууль бусаар хадгалах зэрэг хэрэгт холбогдох явдал нэлээдгүй гарах болсон. Тэгвэл прокуророос өнгөрсөн долоо хоногт энэ төрлийн гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, 

  • Д.М, Г.М нар нь бүлэглэн нэр бүхий иргэнээс Бүгд Найрамдах Турк Улсаас хууль бусаар илгээсэн НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, матамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2026 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  • Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй олсны төрлийн ургамлыг түүж бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
  • Н.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор, гар цүнхэндээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.