ШУУРХАЙ: Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж, түүний гэр бүлийн хүн гэх Б.Өсөхбаярыг цагдан хорьжээ

ШУУРХАЙ: Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж, түүний гэр бүлийн хүн гэх Б.Өсөхбаярыг цагдан хорьжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Х.Нямбаатарын захирамжаар 2024 оны наймдугаар сард Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар томилогдож байсан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж байгаа.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлдэг. 

Тэгвэл Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас мөрдөн шалгаж буйтай холбоотойгоор түүний гэр бүлийн хүн гэх Б.Өсөхбаярыг энэ сарын 05-ны /2026.06.05/ өдөр цагдан хорьжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нь АТГ-аас шалгаж байгаатай холбоотойгоор ажлаас нь чөлөөлөхөөс өмнө жирэмсний амралтаа авсан бөгөөд түүний гэр бүлийн хүн гэх Б.Өсөхбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Харин  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийн оронд Хот байгуулалт хотын стандартын газарт Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батцолмонг томилоод байгаа юм байна.

Ташрамд өгүүлэхэд, НИТХ-ын Төлөөлөгч О.Зундуйдорж "Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг" байсан талаар хэлж байв. Тэрбээр “Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг аж ахуйн нэгжүүдийг дарамталж ашиг хонжоо олдог, гарын үсгээ 50 саяар зурдаг. Энэ асуудлаасаа болж АТГ-т шалгагдаж, ажлаасаа халагдсан” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Харин энэ талаар НЗДТГ-аас “Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авсан" гэх мэдээллийг өмнө нь өгч байсан юм. 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө