Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуурыг төрийн тахилгат нуур болгож, эргэн тойрны 800 км газрыг иж бүрэн цэвэрлэнэ

Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуурыг төрийн тахилгат нуур болгож, эргэн тойрны 800 км газрыг иж бүрэн цэвэрлэнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах, цэвэрлэхээс гадна төрийн тахилгат нуур болгох шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-аас өнөөдөр /2026.06.18/ хэвлэлийн хурал хийж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

ВИДЕО: 

ЕТГ-ын дэд дарга Э.Золбоо “Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу энэ жилээс эхлэн Хөвсгөл нуурыг дархан цаазат нуураар бүртгэж, төр тусгайлан хамгаалалтад авч байгаа бөгөөд нуурыг тахих ёслолын үйл ажиллагааг ирэх наймдугаар сард зохион байгуулна. Энэ бол зан үйл гэхээс илүү төр хөвсгөл нуураа хамгаалалтад авч, онцгой ач холбогдол өгч буй төрийн дээд хэлбэрийн шийдвэр юм. Энэ шийдвэрийн дагуу зургаадугаар сарын 22-ноос ирэх найман сарын 13 хүртэл Хөвсгөл нуурын эргэн тойрныг иж бүрэн цэвэрлэх аян зарлаж байна. Хөвсгөл нуураас Эгийн гол эхээ авдаг. Иймд энэ хэсгийг буюу 800 орчим км газрыг цэвэрлэнэ.

Хөвсгөл нуурын их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжүүд хамтран ажиллана. Хоёр сар үргэлжлэх цэвэрлэгээнд байгаль орчиндоо санаа зовниж буй нутгийн иргэдээс гадна аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан дотоод, гадаадын жуулчид бүрэн хамрагдах боломжтой. Ерөнхийлөгчийн хувьд байгаль орчноо хамгаалах чиглэлд анхаарч ирсэн. Өнгөрсөн жилүүдэд Хөвсгөл нуурт живсэн 11 техник хэрэгслийг татан гаргах, 50 орчим тонн шатахууныг задрахаас нь өмнө татан гаргах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна” гэлээ.