ШУУРХАЙ: "Туулын хурдны зам"-ын тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: "Туулын хурдны зам"-ын тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлжээ

Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг шалгаж эхлээд байгаа билээ. 

Тодруулбал тус Ажлын хэсэг “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Ажлын хэсгийнхэн дээрх төслүүдийн сонгон шалгаруулалт нь холбогдох хууль зөрчсөн эсэх талаар зөвлөмж гаргуулахаар Сангийн яаманд материалуудыг хүргүүлж, холбогдох гэрчүүдээс мэдүүлэг, тайлбар авах ажиллагаа явуулж байсан. 

Тэгвэл "Туулын хурдны зам"-ын тендер сонгон шалгаруулалт хууль зөрчиж явагдсан байж магадгүй байгаа аж. 

Тодотговол, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ХаоЮань" группийн "Хаоюань женерал констракшн" ХХК гэх Хятадын иргэн Liu Daiwen-ний компани "Туулын хурдны зам"-ын тендерт шалгарч, улмаар нийслэлээс тус компанид 500 орчим тэрбум төгрөгийг олгоод байгаа. 

Гэтэл тус компанийг хууль зөрчиж сонгон шалгаруулсан байж болзошгүй хэмээн тус тендерийн үнэлгээний хорооны нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

"Туулын хурдны зам"-ын төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг мөн яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа. Түүнийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон гэдэг. 

Мөн Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн ажилладаг гэх Хятадын хүрээлэн "Шинэ тойрог автозам" төслийн 16.9 тэрбумын тендерт гэрээлсэн байдаг нь магадгүй тус хүрээлэн Т.Даваадалай нь давуу байдал олгосон уу гэх хардлагыг төрүүлдэг. Энэ ч утгаараа хуулийн байгууллагаас тус асуудлыг ч мөн АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.