Монгол Улс авлигатай тэмцэх тусгай байгууллагатай болсон нь 2007 он. Үүний эрх зүйн суурь 1996 онд баталсан “Авлигын эсрэг хууль”-аас эхтэй бөгөөд Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Улмаар 2006 онд УИХ Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталснаар авлигатай тэмцэх тусгай байгууллага болох Авлигатай тэмцэх газар /АТГ/-ыг байгуулах эрх зүйн үндэс бүрджээ. АТГ 2007 оны нэгдүгээр сарын 11-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
- 2020 ОНЫ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР АТГ-ЫН ДАРГЫГ ЯЛСАН НАМЫН ДАРГА САНАЛ БОЛГОДОГ БОЛОВ -
АТГ байгуулагдсан цагаас хойш түүний даргыг томилох эрх зүйн заалт нэг удаа өөрчлөгдсөн байдаг. Анхны зохицуулалтаар АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ хэлэлцэн томилдог байв. Энэ зохицуулалт 2020 оны эцэс хүртэл үйлчилж, 2021 оноос манай улсын АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал оруулснаар томилдог боллоо. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд баталснаар АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилдог болсон юм. Ингэхдээ УИХ томилгооны сонсгол хийж, АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилохоор хуульчилжээ.

Энэ өөрчлөлт гарсан 2020 онд МАН УИХ-д үнэмлэхүй олонх байсан бөгөөд Засгийн газрыг У.Хүрэлсүх тэргүүлж байв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2017 оноос хойш Х.Баттулга ажиллаж байсан юм. Хуулийн нэмэлт өөрчлөлт хийхийн өмнөх жил буюу 2019 онд Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувиар З.Дашдавааг АТГ-ын даргад санал болгож, УИХ түүнийг томилсон юм. Ташрамд дурдахад, З.Дашдаваа зургаан жилийн бүтэн ажилласан анхны АТГ-ын дарга болсон билээ. Үүний дараа 2021 оноос Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж эхлээд, улмаар Ерөнхий сайдын хувиар АТГ-ын даргыг дахин санал болгосон анхны Ерөнхий сайд болсон юм. Тодруулбал, тэрбээр 2025 оны дөрөвдүгээр сард АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилуулах саналыг УИХ-д оруулж, улмаар З.Дашдаваа АТГ-ын даргаар дахин томилогдсон билээ. Энэ нь үнэмлэхүй олонхын суудалтай намын даргын санал УИХ-ын танхимд хуулийн дайтай байдагтай ч холбоотой байж магадгүй юм.
-"АТГ-ЫН ДАРГЫГ УИХ ТАВАН НЭР ДЭВШИГЧЭЭС СОНГОН НУУЦ САНАЛ ХУРААЛТААР ОЛОНХИЙН САНАЛААР ТОМИЛНО" -
Тэгвэл энэ тогтолцоог өөрчлөх асуудал 2026 онд дахин яригдаж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнгөрсөн зургаадугаар сард АТГ-ын даргыг Ерөнхий сайд буюу эрх барьж буй намын даргын санал болгосноор томилдог одоогийн тогтолцоог өөрчилж, УИХ дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг болгох хуулийн төсөл санаачилсан.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн санаачлан боловсруулсан “Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцсэн байна. Энэ үеэр Ч.Лодойсамбуу гишүүн хэвлэлд байр сууриа илэрхийлж, “Монгол Улсад хууль засагладаг, хувь хүн, хэсэг бүлэг этгээдийн улс төрийн эрх ашгаас холдуулахын тулд АТГ-ын даргыг Ерөнхий сайд буюу ялсан намын даргын санал болгосноор томилдог байдлыг халаад, УИХ дээр нээлттэй сонгон шалгаруулалт хийдэг болгох хуулийн төслийг өргөн барьсан” хэмээжээ. Түүний хэлсэнчлэн, АТГ-ын даргын томилгоог Ерөнхий сайдын саналд төвлөрүүлсэн одоогийн зохицуулалтыг өөрчилж, парламентын түвшинд илүү нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нь хуулийн төслийн гол агуулга болж байна.
Ингээд Ч.Лодойсамбуу гишүүний боловсруулсан “Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд яг ямар өөрчлөлт тусгасныг задалж харъя. Хуулийн төсөлд АТГ-ын даргыг томилох одоогийн зохицуулалтыг бүхэлд нь өөрчлөхөөр тусгажээ. Тодруулбал, АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгодог тогтолцоог халж, УИХ таван нэр дэвшигчээс сонгон, олонхийн саналаар зургаан жилийн хугацаатай томилохоор санал болгосон байна. Ингэхдээ нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалт ил тод, өрсөлдөөнтэй байх аж. Улмаар дор хаяж таван нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, тэдгээрийг хэлэлцэн, томилгооны сонсгол хийсний дараа нууц санал хураалтаар АТГ-ын даргыг олонхийн саналаар томилохоор тусгажээ. Харин АТГ-ын дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор УИХ томилохоор төсөлд тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл батлагдвал АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор томилдог одоогийн тогтолцоо өөрчлөгдөж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшигчдийг тодруулж, улмаар парламент олонхийн саналаар томилох шинэ механизм бий болох юм.