"Дашваанжил"-ын захирал Н.Баатаржав таалал төгссөн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, жолооч Ч.Ренцэндоржийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Дашваанжил"-ын захирал Н.Баатаржав таалал төгссөн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, жолооч Ч.Ренцэндоржийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн дөрвөн замын уулзварын орчимд одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ ээвэрлэж явсан автомашин суудлын машинтай мөргөлдсөн ослын улмаас дэлбэрэлт болж, олон хүн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. 

Улмаар тухайн хэргийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх шилжүүлсэн байдаг. Гэсэн ч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болж, хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр болсон юм. 

Тэгвэл тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Ингэхдээ "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренцэндоржид Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар буюу тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Өмнө нь тус хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал, талийгаач Н.Баатаржавыг мөн яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин тухайн иргэн таалал төгссөн тул түүнд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож, хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Эргэн сануулахад, Дүнжингаравын ослын улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө