Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн эргэн ирэлтийн дэлхийн аялан тоглолтын тасалбарын төлөөх ширүүн өрсөлдөөн Азийн олон орнуудад луйварчдын идэвхийг нэмэгдүүлж, олон мянган шүтэн бишрэгч санхүүгийн хохирол амсаад байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тухайлбал, BTS-ийн шүтэн бишрэгч Индонезийн Жакарта хотын 26 настай Вивей есдүгээр сард болох тоглолтын тасалбар худалдаж авахаар олон цаг хүлээсэн ч амжилт олоогүй аж. Тэрээр Ticketmaster платформоор тасалбар авах гэж оролдсон боловч өндөр эрэлтээс шалтгаалан бүх суудал дууссан байжээ.
Ингээд тэрээр X сүлжээнд тасалбар дахин худалдаалдаг гэх хаягаас дөрвөн VIP тасалбар авахын тулд 1200 ам.доллар шилжүүлсэн байна. Гэвч мөнгө шилжүүлсний дараа худалдагч холбоо тасалж, алга болжээ.
“Мөнгө явуулсны дараахан тэд намайг блоклосон. Би маш их гунигтай, сэтгэлээр унасан” хэмээн Вивей BBC агентлаг ярьсан байна. BTS хамтлагийн дэлхийн аялан тоглолт 2027 он хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 34 хотод 88 тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм. Шинжээчдийн тооцоолсноор тус аялан тоглолтоос BTS болон тэдний харьяа Hybe компани бараг хоёр тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэж үзэж байгаа аж. Гэвч тасалбарын эрэлт асар өндөр байгаа нь луйварчдад ашиг олох боломж болгох болсон байна.
BBC агентлагийн мэдээлснээр зөвхөн Зүүн Өмнөд Азийн орнуудад BTS-ийн шүтэн бишрэгчид нийлээд 100 мянга гаруй ам.долларын хохирол амссан байна.
Сингапурын цагдаагийн байгууллага зургаадугаар сарын эхнээс хойш BTS-ийн тоглолтын тасалбартай холбоотой 62 залилангийн гомдол хүлээн авчээ. Нийт хохирлын хэмжээ 68 мянга гаруй сингапур долларт хүрсэн байна. Мөн Малайзын цагдаа нар тасалбар худалдаж авах нэрээр залилуулсан 28 иргэний өргөдөл хүлээн авч, мөнгө шилжүүлсэн дансуудыг мөрдөн шалгаж эхэлжээ.
Луйварчид ихэвчлэн нийгмийн сүлжээ болон фэнүүдийн онлайн бүлгүүдэд нэвтэрч, хямд үнэтэй эсвэл давуу эрхтэй тасалбар санал болгодог байна. Зарим нь бүр хуурамч “баталгаажуулалтын баримт” үзүүлж, худалдан авагчдын итгэлийг олсны дараа мөнгийг нь авч алга болдог аж.
Тасалбарын эрэлт нийлүүлэлтээс 15 дахин өндөр байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа бөгөөд зохион байгуулагчид зарим хотуудад нэмэлт тоглолтын өдөр зарласаар байна. BTS-ийн шүтэн бишрэгчид өөрсдийгөө “Арми” гэж нэрлэдэг бөгөөд хамтлагийг олон жилийн дараа дахин тайзан дээр харах хүсэл нь тэднийг луйварчдын хамгийн амархан бай болгож байгааг шинжээчид анхааруулж байна.
Эх сурвалж: BBC