УИХ-ын гишүүн Б.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй юм.
ВИДЕО:
-Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт олон нийтийн анхаарлын төвд байна. Ажлын хэсэгт ажиллаж буй гишүүдийн нэг нь та. Ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан бэ?
-Уг хуулийн төсөлд дэмжих баг гэж ажиллаж байгаа. Бид хуралдсаар байгаа. Тэр хүмүүсээс асуух зүйл байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл учир яагаад зарим тоонууд нь ийм байна вэ зэрэг мэдээллийг сонсож байна. Хувь гишүүнийхээ хувьд зарчмын зөрүүтэй санал өгөхөөр бэлтгэж байна.
"БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДАЛД ӨНДӨР ШАЛГУУР ТАВЬЖ БОЛОХГҮЙ"

-Уул уурхайн салбарынхан баяжуулах үйлдвэрээс тусгай зөвшөөрөл авах тухай заалтыг эсэргүүцэж эхэлсэн. Та байр суурь нэгтгэх үү?
-Энэ хуулийн өөрчлөлтөд хоёр тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байгаа. Баяжуулах үйлдвэрүүдэд, мөн маркшейдерийн үйл ажиллагаа явуулах ААН-д тусгай зөвшөөрөл шаардаж байгаа. Хувь гишүүний хувьд маркшейдерийн тусгай зөвшөөрөл гэж бий болгоод ААН-ээс шаардана гэдгийг дэмжихгүй байна. Маркшейдер гэдэг бол мэргэжил. Дөрвөн жил сурахаас илүү хүн яаж мэргэших вэ. Дөрвөн жил сурсан хүн өөрийнхөө сурсан, мэдсэн мэргэжлээрээ тусгай зөвшөөрөл авахгүй ажиллах ёстой. Сайн эсвэл дунд зэрэг хийх нь хүний боловсролын түвшний асуудал. Энэ асуудалд зарчмын зөрүүтэй санал өгөхөөр бэлдэж байна.
Баяжуулах үйлдвэрийн хувьд олон жилийн турш үргэлжилсэн маргаан. Ашигт малтмалын тухай хуульд яаманд ажиллаж байхдаа л 2021 оноос яригдаж байна. Гол шүүмжлэл авдаг асуудал нь баяжуулалтын тусгай зөвшөөрөл гээд дахин нэг тусгай зөвшөөрөл шаардаж байна, бичиг баримт бүрдүүлэх нэг үе шат нэмэгдлээ гэдэг. Би үүнийг эсэргүүцэхгүй. Харин ААН-ээс өндөр шаардлага тавьж болохгүй гэж хардаг. Одоогийн хуулийн төсөлд А зөвшөөрөлтэй ААН-д асуудал үүсэхгүй. Шинээр дотоодоос түүхий эд аваад баяжуулах үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол баяжуулах тусгай зөвшөөрөл авъя гэсэн харагдаж байна. Шалгуурыг нь одоо байгаа ААН-д хүндрэл үүсгэхгүйгээр авах хэрэгтэй.
-Ажлын хэсгийн гишүүд энэ асуудалд ямар санал хэлж байна вэ?
-Ажлын хэсгийн гишүүд бүх зарчмын зөрүүтэй саналаа өнөөдөр, маргааш гээд хоёр өдөр нэгтгэж дуусаад холбогдох Байнгын хороонд хэлэлцүүлнэ. Тал талынхаа мэдээллийг сонсож, өөрсдийнхөө зарчмын зөрүүтэй саналаа ярилцана.
-Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бодитоор уул уурхайн ААН-д нэмэр болох заалт ховор байна гэж хэлээд байгаа. Та санал нэгдэх үү?
-Зэсийн АМНАТ-ыг тойроод хэрүүл болоод байгаа. Зэсийн АМНАТ бол хөндөхгүй байна гэдэг нь Онтре, Оюутолгойн бүлэг орд дээр гэж ойлгож байгаа. МАН-ын бүлгийн шийдвэр. Ажлын хэсэг дээр бусад намын бүлгүүдээс гишүүд бий. Бид ярьж байгаад энэ асуудалд шийдлээ гаргана. Ер нь АМНАТ-тай холбоотой асуудалд зөвхөн зэс асуудалтай байсан юм биш. Шинэчилсэн найруулгаар илүү өргөн хүрээтэй байх ёстой гэсэн гол шалтгаан нь төмөр, жонш. Манай улс олон бүтээгдэхүүн зардаг улс биш. Зөвхөн зэс яриад байгаа нь учир дутагдалтай. Төмөр дээр харж үзэх ёстой. Аль нь эцсийн бүтээгдэхүүн, аль нь баяжмал вэ зэрэгт анхаарах ёстой. Мөн хэр их хэмжээний АМНАТ авах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. ААН-үүдэд жишиг үнэ гээд олоогүй орлогоос татвар аваад байдаг. Түүнийг нь засах ёстой байсан ч орж ирээгүй. Магадгүй Засгийн газарт УИХ-аас тогтоолоор чиглэл өгч болно. Орхигдуулсан, анхаарах ёстой асуудлуудын хүрээнд гэсэн үг. Маш олон жил гацсан энэ хууль УИХ-ын босго давсан энэ үед сайжруулаад батлах хэрэгтэй байна. Мөн Үндэсний баялгийн сангийн асуудал хөндөгдөх ёстой байсан. Энэ сангийн ажлын хэсэг УИХ дээр байдаг бөгөөд миний бие ахалдаг. Засгийн газар дээр нэлээд их хэлэлцүүлэг болоод байсан учир хойш тавиад байсан. Энэ асуудалд мөн анхаарч, хэлэлцэх ёстой.

"ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ ЗУРГААН ЖИЛ БОЛГОХ ӨӨРЧЛӨЛТӨД ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛ ГАРГАНА"
-Эрэл, хайгуул эрхлэх ААН-ээс авах төлбөрийг нь хоёр дахин нэмэгдүүлж, хугацааг нь хоёр дахин багасгасан байсан. Та ямар саналтай байна вэ?
-Маш эрсдэл ихтэй салбар. Хайгуулын үйл ажиллагаа гэдэг бол ашиглалт биш. 1997 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэж үзвэл 100 хайгуулын зөвшөөрлөөс нэг нь ашиглалт руу шилжиж байгаа. Энэ их эрсдэлтэй салбар руу мөнгөтэй ААН л орно. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр дахин багасгаж, жилийн төлбөрийг нь хоёр дахин нэмэгдүүлэх тухай өөрчлөлт орж ирсэн. Хувь гишүүний хувьд арай буруу гэж харж байна. Манай улс улирлын шинж чанартай ажилладаг. Дундажаар тавдугаар сараас есдүгээр сар хүртэл хайгуул хийдэг гэвэл зургаан жилд амжихгүй. Мөн бид газрын гадаргатай ойрхон ордуудыг хайгаад олчихсон. Хүнд геологийн тогтоцтой ашигт малтмалын ордыг нээж, илрүүлнэ гэвэл удаан ажиллах хэрэгтэй. 12 жилийг зургаан жил болгох өөрчлөлтөд зарчмын зөрүүтэй санал гаргана.
-Та ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ?
-Хайгуулын ажил бол олборлолт биш гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсдэг. Бид хаана юу байгаагаа л мэдэх гэж хайгуул хийдэг. Маш өндөр эрсдэлтэй учир хийж байгаа ААН-үүдийг дэмжих хэрэгтэй. Геологийн суурь судалгаа гэдгийг ч олборлолт хийх гэж байна гэж ойлгохгүй байхыг хүсэж байна.