Б.Найдалаагийн туслахын бичлэг "төрийн албан хаагчийн ёс зүй ямар түвшинд хүрснийг харууллаа" хэмээн олон нийт шүүмжилж байна

Б.Найдалаагийн туслахын бичлэг "төрийн албан хаагчийн ёс зүй ямар түвшинд хүрснийг харууллаа" хэмээн олон нийт шүүмжилж байна

Н.Учралын Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй энэ үед Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн өрөөнд өрнөсөн үйл явдлыг харуулсан, түүний туслахтай холбоотой бичлэг цахим орчинд тархаж, олон нийтийн анхаарлыг татаж байна.

Тодруулбал, энэ өглөөнөөс эхлэн Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн өрөөнд түүний туслах гэх эмэгтэй бичлэг хийж буй дүрс бүхий бичлэг цахим орчинд түгсэн юм. Хувь хүн өөрийн цахим хуудсандаа ямар агуулга нийтлэх нь, хуульд нийцсэн тохиолдолд, хувь хүний эрх, эрх чөлөөний асуудал. Гэвч уг бичлэг олон нийтийн дунд зөвхөн хувийн орон зай, цахим хэрэглээний асуудлаас гадна төрийн өндөр албан тушаалтны ёс зүй, төрийн байгууллагын нэр хүндийн асуудлыг илүүтэй анхаарал татахад хүргэж байна.

Мөн зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүмүүсийн мэдээллээр уг бичлэгт гарч буй эмэгтэйг Б.Найдалаагийн охин байж болзошгүй гэх мэдээлэл цацагджээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол тухайн томилгоо нь ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх нь мөн анхаарах ёстой асуудал юм. Өөрөөр хэлбэл, сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд туслах ажилтнаа томилох боломжтой байсан эсэхээс гадна уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг холбогдох хууль, журмын дагуу тодруулах шаардлагатай. Цаашилбал, Төрийн ордон бол Б.Найдалаагийн орон сууц, хувийн компани биш. Энд жирийн иргэн төрийн үйлчилгээ авах гэж ороход хүртэл тодорхой дэг журам, шаардлага үйлчилдэг. Тиймээс төрийн өндөр албан тушаалтантай хамгийн ойр ажилладаг хүмүүс ч төрийн байгууллагын нэр хүнд, ёс зүйн хэм хэмжээ, дүрэм журмыг хүндэтгэх учиртай. 

Сануулахад, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой асуудал тухайн үед олон нийт, залуусын хүчтэй шүүмжлэл дагуулж, тэрбээр суудлаасаа огцорсон байдаг.