Францыг дайрсан агаарын хэт халалтын улмаас автомашинд үлдээсэн бага насны хоёр хүүхэд энджээ

Францыг дайрсан агаарын хэт халалтын улмаас автомашинд үлдээсэн бага насны хоёр хүүхэд энджээ

Даваа гарагт Франц улсын өмнөд бүсийн Карпантра хотод хоёр ба дөрвөн настай хоёр хүүхэд гэр бүлийнхээ автомашинд амиа алдсан нь агаарын хэт халалттай холбоотой байжээ.

Ээж нь хүүхдүүдээ гэрийнхээ ойролцоо гудамжинд зогсоосон автомашинд түр орхиод явсны дараа ийм эмгэнэлтэй явдал тохиолдсон байна. Түргэн тусламжийнхан шуурхай арга хэмжээ авсан ч хүүхдүүдийн амийг аварч чадаагүй гэнэ. Орон нутгийн прокурорын алба санамсаргүй үйлдэгдсэн хүний амины хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.Цочролд орсон 33 настай ээж одоогоор байцаалт өгөх чадваргүй байгааг эрх баригчид мэдээлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Францын ихэнх нутагт агаарын хэт халалт үргэлжилж, зарим хэсэгт агаарын температур Цельсийн 42 хэм хүрээд байгаа. Эмгэнэлт хэрэг гарсан Карпантра хотод Даваа гарагт агаарын температур Цельсийн 39 хэм байсныг Францын цаг уурын алба мэдээлжээ.

Зөвхөн Франц биш, баруун Европын орнуудад агаар хэт халснаас олон нийтийн арга хэмжээнүүд цуцлагдаж, сургуулиуд хаагдаж, нийтийн тээвэр тасалдахад хүрээд байна. Парис хотын зарим сургуулийн хүүхдүүд хэт халуунд бие нь муудсанаас эмнэлгийн тусламж авсан тухай эцэг эхчүүд мэдээлжээ.

Баруун Европын агаар мандалд голдоо халуун, хоёр захдаа сэрүүн агаар төвлөрсөн блок үүсээд байгааг цаг уурчид хэлбэрээр нь Грек цагаан толгойн үсгээр Омега блок гэж нэрлэсэн байна. “Энэ блок нь Умард Африк, Сахарын цөлөөс халуун агаар урсан ирж байгаатай холбоотой юм. Уг агаарын бөөгнөрлийг задлах салхи байхгүй тул маш удаан шилжиж байна” гэж Лондоны Империал Коллежийн уур амьсгал судлаач Клэр Барнс тайлбарлажээ.