NASA жүжигчин Том Крузтэй хамтран сансарт кино зураг авалт хийнэ

NASA жүжигчин Том Крузтэй хамтран сансарт кино зураг авалт хийнэ

АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA Холливудын алдарт жүжигчин Том Крузтэй хамтран сансарт зураг авалт хийсэн анхны киног хийж буй талаараа мэдэгджээ.

NASA-гийн захирал Жим Брайденстайн твиттер хуудсандаа “Сансарт зургийг нь авах кино бүтээл дээр Том Крузтэй хамтран ажиллаж байгаадаа манай байгууллага баяртай байна. NASA-гийн  төлөвлөгөөг бодитой хэрэгжүүлэх, шинэ үеийн инженер, судлаачдыг бэлдэхэд кино урлаг чухал үүрэгтэй” гэж бичжээ. Дээрх кинонд Элон Маскийн SpaceX компани оролцоно гэсэн мэдээлэл байна. Учир нь тус компани энэ сарын сүүлээр NASA-гийн сансрын нисгэгчийг олон жилийн дараа анх удаа АНУ-ын нутаг дэвсгэрээс тойрог замд хүргэх гэж байгаа юм

Одоо 57 настай Холливүүдийн од Том Круз хүнд хэцүү үзэгдэлтэй кино бүтээлд өөрийн хүчийг сорих дуртайгаараа алдартай нэгэн.

Тухайлбал тэр удахгүй дэлгэцэнд гарах “Top Gun: Maverick” кинонд сөнөөгч онгоц жолооддог бол 2015 оны “Misson: Impossible Rogue Nation” бүтээл дээр нисэж буй онгоцноос зүүгдэж, “Mission: Impossible Ghost Protocol” дээр Дубай хотод оршдог дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифагийн хананд авирдаг. Крузийн сүүлийн бүтээл “Mission: Impossible 7”-ын зургийг хоёрдугаар сард Италид авах ёстой байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байгаа аж.