Т.Даваадалайг “Хэргийн нотлох баримтыг устгах, нуун далдлах, хуурамчаар үйлдэх үндэслэл арилаагүй" хэмээн үзэж, үргэлжүүлэн хорих нь зүйтэй гэж үзлээ

Т.Даваадалайг “Хэргийн нотлох баримтыг устгах, нуун далдлах, хуурамчаар үйлдэх үндэслэл арилаагүй" хэмээн үзэж, үргэлжүүлэн хорих нь зүйтэй гэж үзлээ

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан цагдан хорьж, мөрдөн шалгаж байгаа билээ.

Тодруулбал, Т.Даваадалайг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, улмаар өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдөр прокурорын саналаар шүүхээс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Харин түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ дуусаж буйтай холбоотойгоор прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлж, энэ дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Т.Даваадалайг “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх...” үндэслэл арилаагүй, яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай" хэмээн үзэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн юм. 

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нь энэхүү шүүхийн захирамжийг эс зөвшөөрч, тус шүүхийн Ерөнхий шүүхэд гомдол гаргасан ч шүүхээс түүний гомдолыг хангахгүй, үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Эргэн сануулахад, Т.Даваадалай нь “Туулын хурдны зам”-ын төслүүдийн сонгон шалгаруулалтанд орсон аж ахуйн нэгжүүдээс гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон гэдгийг мөрдөх байгууллагаас мэдээлээд байгаа юм.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө