Лхагва гарагийн орой Венесуэл улсын хойд бүс нутагт дараалан хоёр удаа газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 188 хүрээд байна. Үүнээс гадна барилгын нурангид дарагдсан 200 гаруй хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул амиа алдсан хүний тоо цаашид өсөх магадлалтай болжээ.
Газар хөдлөлтүүдийн хүч 7.2 ба 7.5 магнитуд байсан нь Венесуэлийн сүүлийн 100 гаруй жилийн түүхэнд тохиолдоогүй хүчтэйд тооцогдож байна.Зөвхөн Венесуэл биш, бүс нутаг даяар чичиргээ нь мэдрэгджээ. Орон даяар 1,500 орчим хүн бэртэж, мянга мянган хүн сураггүй алга болсныг эрх баригчид мэдээлж байна. Нийслэл Кара кас хот оршдог эргийн Ла Гуайра муж хамгийн их хохирол амсжээ.Энд байдаг Венесуэлийн хамгийн том нисэх буудал эвдэрч, үйл ажиллагаагаа зогсоосон нь гадаадаас тусламж авах замыг хаасан байна.
Венесуэл улс нь Өмнөд Америк болон Карибын тектоник хавтангуудын зааг дээр оршдог хэдий ч газар хөдлөлтийн хүч харьцангуй багатайд тооцогддог байсан юм. АНУ-ын Геологийн Судалгааны Төвийн мэдээлснээр 7.2 магнитудын хүчтэй эхний газар хөдлөлт Каракас хотоос баруун зүгт 170 км зайд, Карибын тэнгисийн эргийн Морон хотын баруун хэсэгт болсон байна. Газар хөдлөлтийн төв цэг газрын гадаргаас 22 км гүнд байжээ.
Хэдхэн минутын дараа 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт Морон хотоос баруун өмнө зүгт 16 км зайд, газрын гадаргын 10 км гүнд бүртгэгдсэн байна. Дахин газар хөдөлж болзошгүй гэсэн үндэслэлээр эрх баригчид хүмүүсийг орон гэрээсээ гарч, задгай газарт байрлахыг зөвлөжээ.
Катараас эхлээд Мексик хүртэл дэлхийн олон улс орон тусламжийн гараа сунгасан байна. Олон улсын аврагчдын багууд “ойрын хэдэн цагийн дотор” Венесуэлд очихыг Пүрэв гарагийн үдээс хойш НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.