Монголчуудын хүлээдэг Үндэсний их баяр наадам болоход цөөн хоног үлдээд байна. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдах уу гэх асуулт хариултаа хүлээгээд удлаа.
Тэгвэл энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав“ Үндэсний их баяр наадам хуулийн дор зохицуулагддаг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.1-д 10 жил тутам 1024 бөх барилдана гэж заасан байдаг. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр зарим сайд нар энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой тохиож байгаа учраас 1024 бөх барилдуулъя гээд бөхчүүд болон МҮБХ-ноос санал авъя гэсэн. Энэ саналаа МҮБХ-ны салбар хороонд хүргүүлсэн. Салбар холбоо болон МҮБХ 1024 бөх барилдах боломжтой гэсэн саналаа нэгтгэж, бэлтгэл ажилдаа ороод явж байна. Нийслэлээс холбогдох төсвийг зохицуулна. Гэхдээ МҮБХ-ны саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хэлэлцэж, эцэслэнэ. Хэрэв 1024 бөх барилдвал долоодугаар сарын 10-нд нэг болон хоёрын даваа явуулах саналтай байгаа. Энэ долоо хоногт багтаж шийдвэр гарна” хэмээн ТВ5 телевизэд ярилцлага өгчээ.