Ням гарагийн байдлаар /2026.06.28/ Венесуэльд газар хөдөлсний улмаас амь үрэгдсэн хүний тоо 1,450 хүрээд байна. Өнгөрсөн долоо хоногт Венесуэльд 7.2 болон 7.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт дараалж явагдсан гамшиг тохиолдсон. Газар хөдлөлтөд хамгийн хүчтэй нэрвэгдсэн Ла Гуайра хотод олон улсаас аврах багууд ирж, нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаанд тусалж байна.
Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Делси Родригес “Авран илрүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр /2026.06.28/ ч гэсэн хүмүүсийг нурангаас гаргаж авсан тул аврах үйл ажиллагааг зогсоогоогүй. Бид итгэл найдвараа үргэлж хадгалсаар байх болно” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ сургуулиудын үл ажиллагааг зогсоосноо нэг долоо хоногоор сунгаж, Ла Гуайра хот дахь цахилгаан эрчим хүчний хангамжийг 75 хувиар сэргээсэн гэсэн юм.
Тус улсын парламентын дарга Хорхе Родригес ням гарагт мэдэгдэл хийснээр 3,150 хүн гэмтэж, 12,721 хүн орон гэргүй болж, 774 барилга байгууламж нурсан байна. Венесуэлийн засгийн газар хэдэн зуун хүн сураггүй хэвээр байгаа гэж мэдэгдсэн ч тус улсын сөрөг хүчний үүсгэсэн вэбсайт дээр 50 мянга орчим хүн сураггүй хэвээр байна гэжээ.