З.Мэндсайхан: "Оюу толгой"-н зээлийн хүү буурснаар Монголын талын өгөөж 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ

З.Мэндсайхан: "Оюу толгой"-н зээлийн хүү буурснаар Монголын талын өгөөж 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюутолгойн зээлийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар хэлэлцсэн. Энэ асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Засгийн газрын 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Оюутолгойн зээлийн хүү болон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу зээлийн хүүг эргэн харах хугацаатай холбоотой хэлэлцээр хийлээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу долоон жил тутамд зээлийн хүүг эргэн харах боломжтой байдаг. Энэ эрх 2025 онд үүссэн бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Засгийн газар ажлын хэсэг байгуулж, тасралтгүй хэлэлцээр хийсний үр дүнд өчигдөр хэлэлцээр амжилттай өндөрлөлөө.

Оюутолгойн төслийн санхүүжилтийн бүтэцтэй холбоотойгоор 15 банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл нь нийт зээлийн 19.2 хувийг эзэлдэг бөгөөд энэ зээл өнөөдөр ойролцоогоор 9 хувийн хүүтэй байгаа. Давуу эрхтэй спонсорын зээл мөн ойролцоогоор 9 хувийн хүүтэй. Харин бидний голлон хэлэлцсэн асуудал бол хувь нийлүүлэгчдийн буюу 'Рио Тинто'-гийн олгосон 6.1 тэрбум ам.долларын зээл байсан. Энэ нь нийт зээлийн 24 хувийг эзэлдэг бөгөөд өмнө нь 10.4 хувийн хүүтэй байсныг хэлэлцээрийн үр дүнд 7.9 хувь буюу SOFR+4 болгон буурууллаа. Үүний давуу тал нь АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан SOFR буюу жишиг хүү буурах тусам манай зээлийн хүү цаашид ч дагаад буурах боломжтой болж байгаа юм.

Дараагийн нэг чухал өөрчлөлт нь хөрөнгө оруулалтын гэрээгээр долоон жил тутамд хийдэг байсан зээлийн хүүгийн шинэчлэлийг гурван жил тутамд хийдэг болгосон. Ингэснээр гурван жил тутамд зах зээлийн жишигт нийцүүлэн зээлийн хүүгээ дахин хэлэлцэх боломж бүрдэж байна. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зардал 6.2 тэрбум ам.доллараар буурч, Монголын талд ирэх өгөөж 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар Монголын талын өгөөж 35 хувь байгаа бол энэ өөрчлөлтийн дараа 40.5 хувь болж өсөж байна.

Мөн өмнө нь Оюутолгой өдөр бүр зээлийн хүүнд 13.6 тэрбум төгрөг төлдөг байсан бол хэлэлцээрийн үр дүнд энэ дүн 25 хувиар буурч, өдөрт 10.2 тэрбум төгрөг төлөхөөр болж байна.

Түүнчлэн Оюутолгойн зээлийн бүтцийг бүрэн шинэчлэх чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар тохирсон. Төслийн эрэмбээр хамгийн түрүүнд эргэн төлөгдөх банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн бүтцийг өөрчилж, цаашид хүүгийн зардлыг бууруулах боломжийг бүрдүүлнэ.

Өчигдрийн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс 2026 оноос Оюутолгойгоос ногдол ашиг авах нөхцөл бүрдсэн. Харин ногдол ашгийн яг хэмжээ, тооцоолол, үндэслэлийн талаар 'Рио Тинто' групптэй хийх хэлэлцээ цаашид үргэлжилнэ.

Мөн Засгийн газар энэ хэлэлцээрийн хүрээнд 'Рио Тинто'-гийн өмнө ямар нэгэн нэмэлт үүрэг, хариуцлага хүлээгээгүй. Онтрэтэй хийх хэлэлцээрийг эхлүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн байгалийн баялгийн өгөөжийг Монголын ард түмэнд хамгийн өндөр түвшинд хүргэх зарчмыг баримтална. Энэ хүрээнд Монгол Улсад ногдох нийт өгөөжийг 53 хувьд хүргэх чиглэлээр ажлын хэсэг ажиллана. Хэрэв өнөөдрийн энэ хэлэлцээрийг хийж чадаагүй бол Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашгаа 2039 онд авах байсан" гэв.