Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Улсын Их Хурлаас Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг, Н.Мягмар, Ц.Уртнасан нар өнөөдөр /2026.07.01/ тангараг өргөлөө.

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан тангараг өргөх ёслолыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан удирдан явуулж, шинээр томилогдсон гишүүдийг танилцуулсан байна. Томилогдсон гишүүд "Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөж, тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Үүний дараа УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Сонгуулийн ерөнхий хороо нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх чухал байгууллага болохыг онцлоод, тус байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангаж, хууль дээдлэх, ил тод, шударга байх зарчмыг тууштай баримтална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тангараг өргөх ёслолд Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцсон байна.