Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин парламентын үйл ажиллагаа, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ерөнхий сайд, намын дарга УИХ-ыг даргалж болохгүй. Олон намын парламентын гол зарчим нь мэтгэлцээн өрнүүлж, түүний үр дүнд шийдвэр гаргах явдал. Ерөнхий сайд сөрөг хүчний удирдагчтай парламентын танхимд мэтгэлцдэг байх ёстой. Энэ зарчмыг хангахын тулд УИХ-ын дарга намын улс төрөөс ангид байх шаардлагатай. Мэтгэлцээнийг удирдаж байгаа хүн намч байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд УИХ-ын дээрээс нөлөөлж, нэг намын УИХ-ын даргатайгаа зөвшилцөн хууль батлуулдаг үйл явцыг бид харлаа. Өнөөдөр ч УИХ хоёр удирдагчтай мэт болж, чуулган хаах өдөр хүртэл хуулиудыг ийм байдлаар баталж байна. Ерөнхий сайд УИХ-ын дээр сууж болохгүй, намын дарга УИХ-ыг даргалж болохгүй. УИХ-ын дарга хэн нэгний нөлөөнд орж, Ерөнхий сайдтай зэрэгцэн сууж шивнэлцээд хууль баталдаг тогтолцоо бол парламентын мэтгэлцээн биш. Иймээс УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай" хэмээн мэдэгдлээ.