УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Тус хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хугацааг гурван жилээр сунгаснаар 400 орчим хүнийг цагаатгасан гэдгийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж онцлов. Харин хуульд “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш гурван жилийн хугацаанд байна гэж зааснаас үүдэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүн 24, төрсөн болон үрчилж авсан хүүхэд 27 хүн нэхэмжлэл гаргаж, нөхөн олговор авч чадалгүй хоцорчээ. Иймд бичиг баримт нь бүрдсэн, тухайн үед шүүхийн асуудал шийдэгдэж амжаагүй байсан нийт 57 иргэний асуудлыг шийдвэрлэх хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэллээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт гомдол гаргах эрхийн үргэлжлэл болсон нэхэмжлэл гаргах эрхийг уламжлалт байдлаар хугацаа тогтоон орхисон нь өдгөө 50 гаруй иргэний хилс хэрэгт шийтгүүлэн хэлмэгдсэн эрхээ сэргээлгэж нөхөн олговор авах эрхийг хязгаарласан зохицуулалт болон үлдсэн тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар нөхөн олговороос хоцорсон иргэдийн нэхэмжлэл гаргах эрх нээгдэх, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14 дэх хэсэгт заасан эрх хангагдана гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөн шүүхээс тогтоосон хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөн олговор олгох тул холбогдон гарах зардлыг урьдчилан тооцож төсөлд тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.