Венесуэльд амь насаа алдсан залуусын гэр бүл Николас Мадурог шүүхэд өгч, түүнийг ерөнхийлөгч байхдаа хүмүүсийг хуулиас гадуур цаазаар авах тушаал өгсөн гэж буруутгажээ. Тэдгээр гэр бүл Мадурог 2017-2020 оны хооронд Тусгай үйл ажиллагааны хүчин (FAES) нэртэй цэргүүдэд хүмүүсийг цаазаар авах тушаал өгсөн гэж үзэж байгаа юм.
Брүүклиний холбооны шүүхэд мэдүүлсэн тэрхүү гомдлын баримт бичгээс харвал “FAES”-ийн цэргүүд хар маск зүүж, хохирогчдын гэрт нэвтрэн ордог байжээ. Цэргүүд хохирогчдыг гэр бүлээс нь салгасныхаа дараа буудан хөнөөж, хохирогч эсэргүүцэл үзүүлсэн гэж худал мэдээ зохиодог байсан аж. 2021 онд НҮБ гэх мэт олон улсын байгууллага “FAES” нь хүний эрхийн зөрчил гаргаж байна хэмээн гомдол мэдүүлсний дараа тус хүчнийг тараажээ.
Мадурогийн удирдлага дор Венесуэлийн засгийн газар олон мянган хүнийг хөнөөсөн. Нэгдүгээр сард АНУ-ын тусгай хүчин түүнийг хүчээр баривчилж, Нью-Йорк хотод авчирсан билээ. Түүнийг АНУ-ын прокурорууд хар тамхины наймаа хийсэн хэрэгт буруутгасан байгаа. Мөн 2013-2026 оны хооронд Венесуэлийн ерөнхийлөгчөөр ажиллахдаа Мадуро эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд улс төрийн дарангуйлал ашигласан гэж хүний эрхийн байгууллагууд үздэг аж.
Эх сурвалж: Euro News