Украины Ерөнхийлөгч В.Зеленський Турк улсад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг ашиглан холбоотнуудаасаа агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем, тэр дундаа Patriot пуужингийн цогцолборыг яаралтай нийлүүлэхийг хүсэхээр төлөвлөж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ.
Энэхүү хүсэлт нь Оросын пуужингийн сүүлийн өдрүүдийн цохилтын дараа улам эрчимжсэн байна. Украины нийслэл Киев хотод долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр удаа хүчтэй цохилт өгсний улмаас орон сууцны хорооллууд өртөж, 50 гаруй энгийн иргэн амиа алдаад байгаа юм.
Тэгвэл В.Зеленский Анкара хотноо болох уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзах боломжоо ашиглан Оросын довтолгоо нь хүч чадлын бус, харин сул дорой байдлын илрэл гэдгийг онцолж, В.Путинд энхийн хэлэлцээг бодитоор эхлүүлэх дарамтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлэхээр мөн төлөвлөж байгаа ажээ.
Сүүлийн саруудад Украин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, цэргийн байгууламжуудыг алсын тусгалтай нисгэгчгүй онгоцоор цохих ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа юм. Үүний улмаас ОХУ-ын зарим бүс нутагт түлшний хомсдол үүсч, цахилгаан тасалдах тохиолдол нэмэгдэж, шатахуун түгээх станцууд дээр урт дараалал үүссэн талаар мэдээлэгдэж байгаа юм.
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр В.Зеленский "энэ уулзалт бодит үр дүнтэй байна" гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн бол НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте гишүүн орнуудыг Украинд шаардлагатай зэвсэг, техникээ илүү шуурхай нийлүүлэхийг уриалжээ. Тэрээр Украины арми зүүн фронтод Оросын хуурай замын довтолгоог тогтоон барихаас гадна нисгэгчгүй онгоцны ажиллагаагаар тулааны нөхцөл байдлыг өөрчилж байгааг онцолсон байна.
Гэсэн ч Оросын баллистик пуужингийн довтолгоо Украинд хамгийн том сорилт хэвээр байгаа юм. Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр сүүлийн халдлагын үеэр ихэнх дроныг устгаж чадсан ч баллистик пуужингийн эсрэг хамгаалалт хангалтгүй байжээ.
Эдгээр пуужин хэдэн мянган км цагийн хурдтай нисдэг тул тэдгээрийг устгах цөөн тооны системийн нэг болох АНУ-д үйлдвэрлэсэн Patriot агаарын довтолгооноос хамгаалах цогцолбор Украинд хүрэлцэхгүй байгаа аж.
В.Зеленский "Өнөөгийн дэлхийд хүмүүсийг баллистик терроризмаас хамгаалах хэмжээний үйлдвэрлэл байхгүй байгаа нь утгагүй зүйл" хэмээн мэдэгдээд Европын орнууд агуулахад хадгалж буй Patriot системүүдээ Украинд шилжүүлэхийг дахин уриалжээ. Гэвч Patriot систем дэлхий даяар хомс байгаа бөгөөд Украин НАТО-гийн дэмжлэгтэйгээр өөрийн пуужингийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг мөн хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Нөгөө талаар Украин Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Тухайлбал, Санкт-Петербург, Москва орчимд нисгэгчгүй онгоцны халдлага гарсны дараа Сибирийн Омск хотын газрын тос боловсруулах үйлдвэрт хүртэл цохилт өгсөн нь батлагдаад байгаа юм. Энэ нь Украины дронууд Оросын агаарын хамгаалалтын сүлжээг нэвтэрч чадсаныг харуулсан үйл явдал гэж ажиглагчид үнэлж байна.
Мөн 2014 онд Оросын мэдэлд орсон Крымын хойгт бараг өдөр бүр дрон довтолж, цэргийн ложистик, газрын тос боловсруулах үйлдвэрүүд, эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсөөр байгаа бөгөөд зарим бүсэд цахилгаан, түлш, хүнсний хомсдол үүсч, онц байдал зарласан талаар мэдээлжээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сүүлийн үед Украины талаар илүү эерэг байр суурь илэрхийлж эхэлсэн гэх үнэлгээ олон улсын ажиглагчдын дунд гараад байгаа бөгөөд В.Зеленский энэ өөрчлөгдөж буй хандлагыг ашиглан Вашингтоны дэмжлэгийг улам бататгахыг зорьж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC