Хятадын өмнөд хэсэгт "Майсак" хар салхины нөлөөгөөр орсон хүчтэй аадар борооны улмаас Люлан усан сангийн далан 2026 оны долдугаар сарын 6-нд хэсэгчлэн нурж, үерийн ус доод урсгалын суурин газрууд руу оржээ.
Тус усан сан нь 1960 онд ашиглалтад орсон бөгөөд 95.52 сая шоо метр ус хадгалах хүчин чадалтай юм. Мөн ойролцоогоор 170 мянган хүнийг ундны усаар хангаж, 65 мянган рай буюу 10.4 мянга орчим га тариалангийн талбайг усжуулдаг байна. Даланг 100 жилд нэг удаа тохиох хэмжээний үерийг тэсвэрлэхээр зураг төсөлд тусгаж барьжээ.
Гэвч гамшиг болсон бүсэд 24 цагийн дотор 565 мм, 445 мм, 411.5 мм хүртэл хур тунадас орсны улмаас усны түвшин огцом нэмэгдсэн байна. Эрх баригчид усан сангийн бүх ус зайлуулах хаалгыг нээсэн ч усны түвшин 111.20 метрт хүрч, зураг төслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг давснаар далан хоёр хэсэгт сэтэрч, нийт 50 гаруй метрийн өргөнтэй цөмрөлт үүсчээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчид онцгой байдлын хариу арга хэмжээний түвшинг I зэрэглэл болгон ахиулж, 300 гаруй оршин суугчийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн аврах, сэргээн босгох ажиллагаанд их хэмжээний хүн хүч, техник хэрэгсэл дайчлан ажиллаж байгаа аж. Одоогоор уг ослын улмаас амь үрэгдсэн болон гэмтэж бэртсэн хүний талаарх албан ёсны мэдээлэл гараагүй бөгөөд аврах, сэргээн босгох ажиллагаа үргэлжилж байна.