СУРВАЛЖИЛГА: МИАТ компани цар тахлын голомт, Ойрх Дорнодын дайны бүсээс монгол иргэдээ авчирсан амжилтаар 70 жилийн ойгоо угтаж байна

СУРВАЛЖИЛГА: МИАТ компани цар тахлын голомт, Ойрх Дорнодын дайны бүсээс монгол иргэдээ авчирсан амжилтаар 70 жилийн ойгоо угтаж байна

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 70 жилийн ойгоо тэмдэглэж, баярын хурлаа хийлээ. Баярын хурлын нээлтэд ЗТЯ-ийн сайд Б.Дэлгэрсайхан, ТӨХ-ны дарга Б.Цэнгэл, авиа компаниудын төлөөлөл оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнаж урамшууллаа.

ВИДЕО:

-МИАТ КОМПАНИ НЬ АГААРЫН ТЭЭВРИЙН ЗАХ ЗЭЭЛД НЭЭЛТТЭЙ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ ХАРИУЦЛАГАТАЙ, ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛДЭГ ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ БОЛОХ ЗОРИЛГОТОЙ-

МИАТ ТӨХК нь байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсыг дэлхийтэй холбох эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, улс орны эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэгч, эх орноо дэлхийд сурталчилж байгаа үндэсний авиа компани болохыг тэмдэглээд, сүүлийн жилүүдэд засаглал, менежмент, үйлчилгээний чанар, нислэгийн аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, дэлхийн жишигт нийцсэн хөгжлийг тууштай бүтээж байгаа юм.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн “Манай хамт олон өнгөрсөн хугацаанд Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ -ноос тавьж байгаа аюулгүй ажиллагааны болон газрын үйлчилгээний ISAGO шалгалтуудад 98-100 хувийн амжилт үзүүлж, олон улсын өндөр стандартыг хангаснаа албан ёсоор баталгаажуулсан, Төрийн өмчит компанийн хувьд улс орны нэн хариуцлагатай, чухал үеүдэд тусгай үүргийн нислэг үйлдсэн байна. 2020-2021 онд цар тахлын голомтоос, 2026 онд Ойрх Дорнодын дайны бүсээс өөрийн орны иргэдийг авчирсан амжилтаар 70 жилийн ойгоо угтаж байна. 70 жилийн ойн хүрээнд он гарснаас хойш олон ажлуудыг хийлээ. Өчигдөр жишээ нь иргэний нисэхийн салбарт үүсч байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал сорилт шийдлийн талаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хийлээ. Бүтэн өдөр тус салбарт үүсч байгаа асуудлуудын талаар олон улсын мэргэжилтнүүд, дотоодын судлаач эрдэмтэн мэргэдтэйгээ нэг өдөр хэлэлцүүлэг хийж, тодорхой шийдлүүдийг гаргалаа.

МИАТ компанийн түүхт 70 жилийн ойг мөнхөлж МИАТ компанийн дурсгалын маркийг нээлээ. Өнөөдрөөс шуудангийн марк маань худалдаанд гарч байгаа. Монгол шуудангаар дамжин 192 улсад очих бололцоотой болж байна.

Бидний хувьд МИАТ компанийн өөрийн онгоц маань тухайн улсуудад шууд нислэгтэй болохыг бэлгэдэж энэ маркийг гаргалаа. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд марк компани дотоодын нислэг үйлдвэрлэгчээс олон улсын нислэг хийдэг олон улсын авиа компани болж хөгжсөн байна. Цаашдаа бид нар олон улсын авиа компани болох олон улсын иргэний агаарын тээврийн интеграцийн нэг хэсэг болоод бүс нутагтаа танигдаж, өргөжин тэлэх бодлогыг барьж байна. Зөвхөн дотоодын зах зээл гэхгүйгээр гадны зах зээл рүү орж ажиллах, монгол орноор дамжин өнгөрөх транзит зорчилтын урсгалыг нэмэгдүүлэх буюу зах зээлээ илүү тэлнэ гэж бодож байна. Ирээдүйд МИАТ компани аюулгүй байдлыг эрхэмлэсэн дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсэн тодорхой инноваци, тээврийн дэвшил дээр суурилсан, өрсөлдөх чадвартай олон улсын байгууллага болно гэж ирээдүйд харж байгаа” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “1956 оны 7 сарын 7-нд орон нутагт анхны нислэгээ үйлдэж эхэлсэн МИАТ өнөөдөр /2026.07.07/ Монгол Улсын үндэсний агаарын тээврийн салбарыг манлайлагч компани болон хөгжиж,10 агаарын хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд нийт 25.7 сая зорчигчийг аюулгүй, найдвартай тээвэрлэж, дэлхийг 14.7 мянга гаруй удаа тойрохтой дүйцэх замыг туулсан нь Монголын иргэний нисэхийн салбарын хөгжил, хамт олны ур чадвар, хичээл зүтгэлийн тод илэрхийлэл юм хэмээн онцлоод салбарын хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Улсынхаа хөгжилд бодит хувь нэмрээ оруулж, 70 жилийн түүхийг хамтдаа бүтээж, баяраа тэмдэглэж буй МИАТ ТӨХК-ийн хамт олонд баярын мэнд дэвшүүлье.