Хиймэл оюун ухаан (AI) эрүүл мэндийн салбарт оношилгоо, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг шинэ түвшинд хүргэж байна. Ялангуяа шинж тэмдэггүй үед нь өвчнийг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх боломжийг нэмэгдүүлснээр хүн амын эрт илрүүлгийн тогтолцоонд шинэ боломж нээж буйг мэргэжилтнүүд онцолж байна.
Энэ хүрээнд NURA эрт илрүүлгийн төв болон FUJIFILM хамтран "Эрүүл мэндийн салбар дахь хиймэл оюун ухааны хэрэглээ, урьдчилан сэргийлэх анагаах ухааны ирээдүйн чиг хандлага" сэдэвт олон улсын тусгай лекц, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Арга хэмжээнд дотоодын 60 гаруй эмч, дүрс оношилгооны мэргэжилтнүүд оролцож, AI-д суурилсан эрт илрүүлгийн шинэ шийдлүүдтэй танилцав.
ВИДЕО:
Тус арга хэмжээнд "Стэнфорд Солюшнс"-ийн үүсгэн байгуулагч, Стэнфордын Анагаах ухааны сургуулийн профессор, доктор Ричард Х.Казински оролцож, зүрх судасны өвчний эрсдэлийг эрт илрүүлэх, олон эрхтэн тогтолцооны эрсдэлийг нэгдсэн байдлаар үнэлэх, AI-д суурилсан скринингийн хөгжлийн талаар илтгэл тавьсан юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-AI-Д СУУРИЛСАН СКРИНИНГ НЬ ОЛОН МЯНГАН ХҮНИЙ ДУНДААС ЭРСДЭЛТЭЙ БҮЛГИЙГ ХУРДАН ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖТОЙ-
-Хиймэл оюун ухаан хүн амын эрт илрүүлгийн үзлэгт ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Хиймэл оюун ухааны хамгийн том давуу тал нь ямар нэгэн шинж тэмдэггүй хүмүүсийг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа явдал юм. Зүрх судасны өвчин эхэн үедээ шинж тэмдэггүй явагдах нь элбэг. AI-д суурилсан скрининг нь олон мянган хүний дундаас эрсдэлтэй бүлгийг хурдан тодорхойлж, зөвхөн шаардлагатай хүмүүсийг дараагийн шатны нарийн мэргэжлийн тусламжид илгээх боломжтой. Ингэснээр бүх хүнийг зүрхний эмчид үзүүлэх шаардлагагүй болж, эмч нар үнэхээр өндөр эрсдэлтэй өвчтөнүүддээ төвлөрөн ажиллах нөхцөл бүрддэг. Энэ нь эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг бууруулахын зэрэгцээ өвчнийг хүндрэхээс өмнө илрүүлэх боломжийг нэмэгдүүлдэг.

-ЦАЦРАГИЙН ТУНГ АЛЬ БОЛОХ БАГА БАЙЛГАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ЗАРЧИМ-
-NURA төвийн нэвтрүүлэх AI технологи уламжлалт скринингоос юугаараа ялгаатай вэ?
-Бид эрүүл хүмүүст өндөр тунтай КТ ашиглахыг зөвлөдөггүй. Цацрагийн тунг аль болох бага байлгах нь хамгийн чухал зарчим. Харин NURA-ийн ашиглах бага тунт компьютер томограф нь цээж, хэвлийн энгийн рентгентэй ойролцоо хэмжээний цацраг ашигладаг ч бүтэн биеийн 3D дүрслэл үүсгэдэг. Үүний ачаар титэм судасны шохойжилт, хавдар, бөөрний чулуу зэрэг олон төрлийн өөрчлөлтийг нэг удаагийн үзлэгээр илрүүлэх боломжтой. Цаашид үе мөч, мөгөөрсний өөрчлөлтийг үнэлэх AI шийдлийг ч платформдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Хиймэл оюун ухаан эрүүл мэндийн салбарын ирээдүйд ямар үүрэгтэй байх вэ. Учир нь манай улсын иргэдэд шинэ тутам ойлголт хэвээр байна.
-AI бол анагаах ухааны ирээдүйн салшгүй хэсэг. Гэхдээ эмчийг орлохгүй. Харин эмчийн ажлыг илүү үр дүнтэй болгож, оношилгоо, шийдвэр гаргалтад нь дэмжлэг үзүүлнэ. Хамгийн чухал нь эмнэлгийн практикт ашиглах AI шийдэл нь клиникийн хувьд баталгаажсан, найдвартай байх ёстой.
"40 МЯНГА ГАРУЙ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ШОХОЙЖИЛТЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДАХАД 10 ХУВЬД НЬ ИЛЭРСЭН"
Харин уг арга хэмжээг зохион байгуулсан “Нура” эрт илрүүлгийн төвийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Э.Туул “Манай эрт илрүүлгийн төв ямар нэгэн өвчин үүсэхээс өмнө эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилготой. Энэхүү эрт илрүүлэгт орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан, үйлчилгээгээ үе шаттайгаар найдвартай, хүртээмжтэй болгохоор ажиллаж байна. Энэ удаа олон улсын эксперт хүрэлцэн ирж, манай улсын 60 гаруй эмчид шинэ техник, технологио танилцууллаа. Энэхүү арга хэмжээний дараа бид уг шинэ технологийг төвдөө нэвтрүүлэх болно. Манай төвд 2023 оноос хойш 43 мянга гаруй хүн үйлчлүүлсэн бөгөөд үүнээс 40 мянга гаруй нь зүрх судасны шохойжилтын эрт илрүүлэгт хамрагдсан. Улмаар 4 мянга гаруй хүнд титэм судасны шохойжилт илэрсэн нь энэ төрлийн үйлчилгээний хэрэгцээ өндөр байгааг харуулж байна” гэсэн юм.

Монгол Улсад зүрх судасны өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. Цусны даралт ихсэх өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг өвчний улмаас жил бүр мянга мянган хүн амь насаа алдаж байгаа нь урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг улам тодотгож байна. Энэ нөхцөлд хиймэл оюун ухаан, бага тунт компьютер томограф зэрэг дэвшилтэт технологийг эрт илрүүлгийн тогтолцоонд нэвтрүүлэх нь өвчнийг хүндрэхээс нь өмнө эрсдэлийг үнэлэх, шаардлагатай иргэдийг цаг алдалгүй нарийн мэргэжлийн тусламжид шилжүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр байгааг олон улсын болон дотоодын мэргэжилтнүүд онцолж байлаа.