Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулж, сурагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд байршлын онцлогт тохирсон бага сургуулийн шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, нийслэлийн дүүрэг болон аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд "Хотхоны бага сургууль", нийслэлийн гэр хорооллын бүсэд "Бага сургууль", алслагдсан болон хил орчмын бүсэд "Багийн бага сургууль"-ийг шаардлагатай байршлуудад байгуулж, 2026-2027 оны хичээлийн жилээс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон байна.
"Хотхоны бага сургууль"-д нэг, хоёрдугаар ангийн сурагчид хичээллэх бөгөөд урьдчилсан байдлаар нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 10 байршилд ийм сургууль байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. Мөн цэцэрлэг болон хувийн хэвшлийн сургуулийн ашиглагдахгүй байгаа 376 танхимыг сургалтын зориулалтаар ашигласнаар 11 мянган хүүхдийн суралцах орчин сайжирч, бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах боломж бүрдэх аж.
Түүнчлэн хичээлийн байр нь стандарт хүчин чадлаасаа давсан ачаалалтай ерөнхий боловсролын сургуулиудын бүтцийг өөрчлөн зохион байгуулж, сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх, бие даасан ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолоор үүрэг болголоо.