Самбалхүндэвийн буюу нийслэлийн иргэдийн нэрлэж заншсанаар 70 давхрын оршуулгын газрыг үе шаттайгаар чөлөөлж, “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын эхний шатны төсөл 10 га талбайд 2022-2023 онд амжилттай хэрэгжсэн байдаг.
НИТХ-ын 2024 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 8 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас тухайн ажлыг зохион байгуулж байгаа ба Самбалхүндэв буюу “Далан давхар” оршуулгын тусгайлан тогтоосон 8.5 га газарт оршуулсан шарилуудыг 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс нүүлгэн шилжүүлэх болсон байна. Шарилыг нүүлгэн шилжүүлэхэд ар гэрийн санал, хүсэлтийг харгалзах ба мэдэгдэлд заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандрыг Самбалхүндэв (70 давхар)-ийн оршуулгын газарт байрлах “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-ийн суваргад залах юм.