Хийлдэг гулсуур ажиллуулж, бага насны хүүхдийн амийг хохироосон хэрэгт шалгагдаж байхдаа оргосон этгээд Казахстаны иргэншилтэй болж, Орост орогнож байжээ

Хийлдэг гулсуур ажиллуулж, бага насны хүүхдийн амийг хохироосон хэрэгт шалгагдаж байхдаа оргосон этгээд Казахстаны иргэншилтэй болж, Орост орогнож байжээ

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 оны тавдугаар сарын 27-ны өдөр хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас тоглож байсан 12 хүүхэд бэртэл авч эмнэлэгт хүргэгдэж, улмаар нэг хүүхэд нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байв. 

ВИДЕО: 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Төв талбайд хийлдэг гулсуур ажиллуулж байсан иргэн Р гэгчийн хийлдэг гудас салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд нь бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Улмаар тавдугаар сарын 28-ны өдөр найман настай хүүхэд нас барж, нэг хүүхэд хүнд, бусад хүүхдүүд нь хөнгөн гэмтсэн байдаг.

Эл хэргийн талаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат "Тухайн хийлдэг тоглоомыг ажиллуулж байсан иргэд холбогдох байгууллагуудаас ямар ч зөвшөөрөл аваагүй мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас уг харамсалтай хэрэг гарсан. Цаашдаа төв талбайд үйл ажиллагаа явуулж буй тоглоомуудыг хянаж шалган, цэгцлэх ажлыг эхлүүлнэ" гэдгийг тодотгож байсан юм. Харин уг хэрэгт Р гэгч иргэнийг холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байсан ч тухайн этгээд нь оргон зайлж, сураггүй болсон байдаг. 

-БАЯН-ӨЛГИЙГӨӨС КАЗАХСТАН РУУ ЗУГТАЖ, ТУС УЛСЫН ИРГЭНШЛИЙГ ДАВХАР АВСАН БАЙЖЭЭ-

Тэгвэл тухайн этгээдийг интерполоор эрэн сурвалжилж, өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирсан байна. 

Тодотговол, Р гэгч нь дээрх хэрэгт шалгагдаж байхдаа Монгол Улсаас Казахстан Улс руу зугтсан бөгөөд түүнийг 2024 оноос Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байгаа юм. Гэтэл тухайн этгээд нь бага насны хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэргээс зугтаад зогсохгүй, Казахстан Улсын иргэншил давхар авсан байжээ.

Тиймээс ч түүнийг Монгол Улсад авчрах боломжгүй байсан аж. Гэсэн ч манай улсын цагдаагийн байгууллага Интерполоор идэвхтэй ажилласны үр дүнд сэжигтэн Р-г 2025 оны аравдугаар сард Оросын Холбооны Улсад баривчлуулж, 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авсан байна. Улмаар тухайн этгээдэд холбогдох хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагаас шүүхэд шилжүүлээд байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө