2026 оны долдугаар сарын 10-наас 2026 оны долдугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.
Долдугаар сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.