17-р зууны Хятадын ховор гар бичмэл хулгайлсан хэргээр АНУ-ын иргэн ял сонсжээ

17-р зууны Хятадын ховор гар бичмэл хулгайлсан хэргээр АНУ-ын иргэн ял сонсжээ

АНУ-ын Калифорни мужийн 39 настай иргэн Жеффри Ин 17-р зууны Хятадын ховор гар бичмэл хулгайлсан хэрэгт буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээс ял сонссон талаар BBC агентлаг мэдээлжээ.

Прокурорын мэдээлснээр тэрээр Калифорнийн Их Сургуулийн Лос Анжелес дахь салбарын номын сангаас эртний ховор бүтээлүүдийг хуурамч нэр ашиглан авч, оронд нь хуурамч хуулбаруудыг буцаан өгсөн байжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар Жеффри Ин номын сангийн картыг Жейсон Ван, Алан Фужимори, Остин Чен гэх хуурамч нэрээр авч ашигласан нь тогтоогджээ. Хяналтын камерын бичлэг болон бусад нотлох баримтаар алга болсон гар бичмэлүүдийг нэг хүн авч гарсан нь тогтоогдсон байна.

Эрх баригчид түүний байрлаж байсан зочид буудлын өрөөнд нэгжлэг хийх үеэр хуучин гар бичмэлийн хэв загвартай хоосон цаас, хавтас болон хуурамч ном хийхэд ашигласан тоног төхөөрөмжүүдийг илрүүлжээ. Прокуроруудын үзэж буйгаар эдгээрийг эх бүтээлийн оронд буцаан өгөх хуурамч хувилбар бэлтгэхэд ашигласан байна.

Шүүхийн баримтад дурдсанаар Жеффри Ин 2024 оны арванхоёрдугаар сараас 2025 оны долоодугаар сарын хооронд нийт 216 мянган ам.долларын үнэлгээтэй ховор Хятадын гар бичмэлүүдийг хууль бусаар авсан хэрэгт холбогджээ. Тэдгээрийн дунд XIV-XVII зууны үеийн түүхэн үнэ цэнтэй бүтээлүүд багтсан байна. Шүүх түүнд нэг сар хорих ял, нэг жилийн гэрийн хорио, мөн гурван жилийн хяналттай суллах ял оноожээ. Харин учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг дараа нь тогтоохоор болсон байна.

Эх сурвалж: BBC