Дуучин Мадонна коронавирусийн халдвар авч, эдгэсэн талаараа мэдээлжээ

Дуучин Мадонна коронавирусийн халдвар авч, эдгэсэн талаараа мэдээлжээ

Америкийн поп од Мадонна өчигдөр Инстаграм хуудсандаа хэрхэн халдвар авсан тухайгаа тайлбарлажээ.

Тэрээр“Миний бие одоо эрүүл. Эсрэг биет илэрсэн нь коронавирусийн халдвар авч байсны шинж тэмдэг юм. Би сар хагас орчмын өмнө аялан тоглолтоо Парист дуусгах үеэр халдвар авсан нь тодорхой байна. Тухайн үед надаас гадна манай багийн хэд хэдэн уран бүтээлч өвдсөн юм. Бид бүгд их хүнд ханиад хүрлээ гэж тухайн үед бодож байв. Бурхны авралаар өнөөдөр бид бүгд эрүүл саруул байна” гэж Мадонна бичсэн байна.

Поп од коронавирусийн эсрэг вакцин бүтээх үйлсэд $1 саяыг хандивлаж, урлаг соёлын алдартнууд, Нобелийн шагналтнуудтай хамт цар тахлын дараа амьдрах арга замаа эрс өөрчлөх уриалга гаргасан юм.

200 орчим алдартны гарын үсэгтэй энэ хөдөлгөөнд Холливүүдийн од Роберт Де Ниро, Жэйн Фонда, Моника Беллучи нар нэгдээд байгаа бөгөөд тахлын аюул өнгөрсний дараа өмнөх шигээ амьдралд буцаж шилжих биш, харин дэлхий ертөнцөд ээлтэй шинэ хэв маягаар амьдарч эхлэхийг хүмүүст уриалж байгаа юм.

Түүний дэлхийг тойрсон аялан тоглолт Францын засгийн газар хорио цээрийн дэглэм тогтоохоос өмнөхөн Парист өндөрлөсөн юм.

Хэдийгээр цар тахал нь хүн төрөлхтний хувьд томоохон гамшиг болсон ч үүнийг ухаарах, алдаагаа засах боломж гэж үзээд дэмий хэрэглээгээ багасгасан, байгальд ээлтэй шинэ амьдралын хэв маягт шилжихийг алдартнууд уриалж байна.