Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил анх удаа дэлхийн таван хэлээр шууд орчуулан хүргэж байна.
Тодруулбал, наадмын нээлтийг англи, япон, солонгос, хятад, орос хэлээр орчуулан MNB World, YouTube суваг, FM радио болон хэвлэл мэдээллийн бусад сувгаар дэлхий дахинд шууд дамжуулж байгаа юм. Ингэснээр Монголын түүх, өв соёл, Үндэсний их баяр наадмыг олон улсын үзэгчдэд илүү хүртээмжтэйгээр сурталчлан таниулах боломж бүрдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв талбайд байршуулсан томоохон дэлгэцээр Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг шууд дамжуулан үзүүлж байна. Үүнээс гадна Жанжин Д.Сүхбаатарын талбайд тусгай дэлгэц байршуулж, хиймэл ногоон зүлэг бүхий задгай талбайг тохижуулснаар иргэд, жуулчид наадмын нээлтийг хамтдаа үзэх боломжийг энэ жил анх удаа бүрдүүлжээ.


