СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Хэрлэн голууд үерийн аюултай түвшнийг даван үерлэж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Хэрлэн голууд үерийн аюултай түвшнийг даван үерлэж байна

Усны түвшин нэмэгдэж буйтай холбогдуулан гол мөрний эрэг дагуу зорчиж, аялж, амарч буй иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

2026 оны долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн, Их Хянганы нуруунаас усжих Халх, Хангай нурууны арын Идэр, өврийн Түй, Завхан голууд болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагуу усны түвшин өмнөх өдрөөс 10-60 сантиметрээр нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар Хараа гол (Дархан хот), Балж, Хэрлэн гол (Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг), Халх, Ховд гол (Мянгад сум), Хархираа гол (Тариалан сум), Туул гол (Улаанбаатар хот, Алтанбулаг сум), Сөгнөгөр гол (Батсүмбэр сум) зэрэг голууд үерийн түвшинг 5-35 сантиметрээр даван үерлэж байгаа бол Халх голын Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг давж, хүчтэй үерлэж байгааг мэдээлэв.

Маргааш буюу долоодугаар сарын 15-нд Туул гол Алтанбулаг сум орчимд 10 сантиметрээр, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 45 сантиметрээр, Сүхбаатар орчимд 25 сантиметрээр, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 сантиметрээр тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу зорчиж, аялж, амарч буй иргэдийг голын эрэг хөвөөнд бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, үерлэсэн голын усанд орохгүй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.