АНЭУ Ираныг Ормузын хоолойд өөрийн улсын хоёр газрын тос тээвэрлэгч танкер руу пуужингийн цохилт өгсөн хэмээн буруутгаж, уг халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, найман хүн шархадсан талаар мэдэгдлээ. Үүний зэрэгцээ АНУ Ираны эсрэг гурав дахь өдрөө дараалан цэргийн цохилт өгч, Ормузын хоолойд шинэ бүслэлт тогтоохоо зарласан талаар BBC мэдээлэв.
АНЭУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр халдлагын улмаас Энэтхэгийн нэг усан онгоцны ажилтан амиа алдаж, найман хүн шархадсаны дөрөв нь хүнд байдалтай байгаа аж. Шархадсан хүмүүсийн зургаа нь Энэтхэг, хоёр нь Украины иргэн байжээ. Харин Ираны Исламын хувьсгалын гвардын корпус (IRGC) танкерууд анхааруулгыг үл тоомсорлон навигацийн системээ унтрааж, аюултай бүсээр нэвтрэхийг оролдсон тул ажиллагааг нь зогсоох зорилгоор цохилт өгсөн гэж тайлбарласан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сошиал хуудсаараа дамжуулан Ираны боомтуудад дахин тэнгисийн бүслэлт тогтоож, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх бүх ачаанд 20 хувийн хураамж ногдуулна гэж мэдэгдэв. Тэрбээр "АНУ Ормузын хоолойн хамгаалагч болно" хэмээн онцолжээ.
Үүний дараа АНУ-ын Төв командлал (CENTCOM) Ираны Бушер, Бандар-Аббас, Жаск, Чабахар зэрэг цэргийн байгууламжуудад цохилт өгснөө мэдэгдсэн бөгөөд эдгээр ажиллагаа нь Ираны худалдааны усан онгоц руу халдах чадавхыг бууруулах зорилготой гэж тайлбарласан байна. Ираны тал хариу арга хэмжээ авч Кувейт, Бахрейн болон Йордан дахь АНУ-ын цэргийн объектуудыг онилсон талаар төрийн хэвлэлүүд нь мэдээлжээ. Мөн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи "Иран Ормузын хоолойн хамгаалагч байсан, цаашид ч хэвээр байх болно" хэмээн мэдэгдэж, АНУ-ын зарласан 20 хувийн хураамжийг "хэт өндөр" гэж шүүмжилсэн байна.
Үүний зэрэгцээ НҮБ-ын харьяа Олон улсын далайн байгууллага (IMO) олон улсын усан замаар дамжин өнгөрөх хөлөг онгоцноос заавал төлбөр авах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны экспортын гол гарцын нэг бөгөөд тус бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлж, Brent төрлийн газрын тосны үнэ дахин өсөөд байна.