Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооноос сүүлийн өдрүүдэд цахим орчинд Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээтэй холбоотой буруу, ташаа мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан албан ёсны залруулга мэдээлэл гаргалаа.
Тус мэдэгдэлд дурдсанаар, Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний албан ёсны хариуг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry – IDAS)-аас 2026 оны долдугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагаас эхлэн цахим шуудангаар нэгэн зэрэг албан ёсоор хүргүүлэх юм.
Шинжилгээний хариуг дараах байгууллагуудад илгээнэ. Үүнд:
- Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо
- Монголын Үндэсний Бөхийн Холбоо
- Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
Иймд иргэд, олон нийтийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, баталгаагүй мэдээлэлд автахгүй, түгээхгүй байхыг албаныхан уриаллаа.