Б.Орхонбаяр: Гэр бүлийн минь хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг хүсье

Б.Орхонбаяр: Гэр бүлийн минь хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг хүсье

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, даян аварга цол хүртсэн Б.Орхонбаяр сүүлийн өдрүүдэд цахим орчинд гэр бүлийнх нь талаар тархаж буй мэдээлэлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдаанд түрүүлж, даян аварга цол хүртсэндээ баяртай байна" хэмээн онцлоод, амжилтад нь хувь нэмэр оруулсан багш нар, хамтран ажилладаг байгууллагууд болон дэмжигчдэдээ талархал илэрхийлжээ.

Мөн тэрээр гэр бүлийнх нь талаар олон нийтийн сүлжээнд тархаж буй мэдээлэлд хүндэтгэлтэй хандахыг хүссэн байна. Тодруулбал, "Миний гэр бүлтэй холбоотой асуудалд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээсээ хүсч байна. Хамааралгүй хүмүүсийн зураг эвлүүлж, илт худал, гүтгэлгийн чанартай мэдээлэл түгээж буйд гүнээ харамсаж байна. Манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа бөгөөд миний эхнэр нярай биетэй байгаа тул сэтгэл зүйг нь тайван байлгахыг зарим нөхдөөс хүсэж, бас гуйж байна. Бусдын хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг залуус бид хүсч буйг эерэгээр хүлээн авна уу" хэмээжээ.