ШУУРХАЙ: Үндэсний баяр наадмын тавын даваанд өвдөг шороодсон бөхөөс допинг илэрчээ

ШУУРХАЙ: Үндэсний баяр наадмын тавын даваанд өвдөг шороодсон бөхөөс допинг илэрчээ

Энэ жилийн  Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц цуглуулан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Допингийн шинжилгээ, спортын биохимийн институтэд шинжилгээнд хамруулсан билээ.

2026 оны долдугаар сарын 15-ны өдрийн 22.00 цагт ирүүлсэн шинжилгээний эхний хариугаар 63 сорьцын шинжилгээ бүрэн дууссан. Дээрх 63 сорьцоос хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй болохыг лаборатори мэдээлсэн.

Харин үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариу өнгөрсөн баасан гарагт буюу долдугаар сарын 17-нд ирсэн бөгөөд хориотой бодис хэрэглэсэн болох нь А сорьцын шинжилгээгээр тогтоогджээ. Допинг илрээд буй тухайн бөхийн хувьд Улсын баяр наадамд шөвгөрөөгүй буюу дөрөв даваад тавын даваанд өвдөг шороодсон бөх аж.

Одоогийн байдлаар тухайн бөхөд А сорьцын шинжилгээний хариуг танилцуулах үйл явц үргэлжилж байна. Шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй байгаа тохиолдолд тухайн бөхийн нэрийг зарлах болохгүй гэсэн дүрэм байдаг. Хэрэв А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцыг дахин шинжлүүлнэ. Харин А сорьцын хариуг хүлээн зөвшөөрвөл нэрийг нь олон нийтэд зарлах эрх үүсэх юм.