Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хэлэлцэж, Шадар сайд Н.Номтойбаяр танилцуулга хийлээ.
Хуралдаанаар Ерөнхий сайдын албан даалгаврыг баталгаажуулж, аймаг, орон нутгийн бүх удирдлагад өвлийн бэлтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайтар хангах, гантай байгаа бүс нутгуудад шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг аймаг, сумдын Засаг дарга нарт даалгажээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 58.9 сая толгой мал тоологдоод байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ тоо 78 саяд хүрэх боломжтой байгааг Шадар сайд онцолсон юм.
Мөн хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрчим хүч, дулааны хангамжийн бэлтгэлийг сайжруулах чиглэлээр Эрчим хүчний сайд болон орон нутгийн удирдлагуудад үүрэг өгчээ. Түүнчлэн нүүрсний олборлолт, хангалт, уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулах, бензин, шатахууны хадгалалт, нөөц бүрдүүлэлт, хангамжийг тасалдуулахгүй байхтай холбоотой шийдвэрүүдийг мөн гаргасан байна.
Үүнээс гадна Засгийн газраас наймдугаар сарын 1-нээс эхлэн баяр наадмын бүх үйл ажиллагааг бүрэн дуусгавар болгох үүргийг өгчээ. Харин цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан хойшлогдоод байсан Баян-Өлгий, Ховд аймгийн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.