Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Эмомали Рахмон Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн зочидтой мэндчилж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Эмомали Рахмон Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч Эмомали Рахмон “Чингис хаан” үндэсний музейд зочилж, Монголын түүх, соёл, зан заншилтай танилцахаар төлөвлөж байна.