Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хооронд байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр маргаашаас /2026.07.22/ хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хоёр тал 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр харилцан экспортолж, импортлох юм.
Засгийн газар энэхүү хэлэлцээрийг Монголын экспортын зах зээлийг 180 сая хэрэглэгчтэй бүс рүү тэлэх боломж гэж тодорхойлж байгаа ч дотоодын үйлдвэрлэгчид, эдийн засагчдын зүгээс импортын дарамт нэмэгдэх эрсдэлийг анхааруулсаар байна.
ЕАЭЗХ нь ОХУ, Беларусь, Казахстан, Киргизстан, Армян гэсэн таван гишүүн оронтой. Гэвч өнөөдрийн байдлаар Монголын тус холбоотой хийж буй худалдаа тэнцвэргүй хэвээр байгаа бөгөөд 2024 онд Монгол Улс ердөө 110.1 сая ам.долларын экспорт хийсэн атлаа 2.9 тэрбум ам.долларын импорт авчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс тус холбооны орнуудаас импортолсон 25 ам.доллар тутамд ердөө нэг ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон байна.
Уг хэлэлцээр хэрэгжсэнээр Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхмэл эдлэл зэрэг барааг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох боломжтой болох ч экспортын гол саад болсон мал эмнэлэг, хорио цээр, эрүүл ахуйн шаардлагууд хэвээр үлдэж байна. Өөрөөр хэлбэл, гаалийн татвар буурсан ч Монголын бүтээгдэхүүн зах зээлд гарахад хамгийн хүндрэлтэй асуудлууд шийдэгдээгүй байгаа юм. Харин нөгөө талд гурил, сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, үр тариа, автомашин, тоног төхөөрөмж, барилгын материал, эм, шатахуун зэрэг Монголд аль хэдийн импортлогдож буй олон төрлийн бараа хөнгөлөлттэй нөхцөлөөр орж ирэх боломж улам нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар хэлэлцээрт хамрагдсан барааны 90 орчим хувь нь Монголын импортолдог бүтээгдэхүүн, харин ердөө 40 орчим хувь нь Монголын экспортын бүтээгдхүүн байгаа нь худалдааны тэнцэл цаашид ч Монголын талд ашиггүй хэвээр үлдэх вий гэсэн болгоомжлолыг дагуулж байна.